Уул уурхайн сайд Р.Жигжид салбарынхаа үйл ажиллагаа болон цаашид хийх ажлынхаа талаар өнөөдөр мэдээллээ. Шинэ Засгийн газар тус яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдын тоо 74 байсныг 66 болгоод татан буугдсан Цөмийн энергийн газрын цацраг идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан найман мэргэжилтнийг ажиллуулах болсон. Ийн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллах болсон тус яам ирэх онд баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Үүний хүрээнд баяжуулах, боловсруулах үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож, уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн журам стандартыг олон улсын туршлагад нийуүүлэн боловсруулж, мөрдүүлж эхлэх юм байна.
Ирэх онд 20.94 сая га талбайд өргөдлийн, улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийж, үнэ цэнэ, хэтийн төлвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 10.15 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болжээ. хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах эрэмбийг цахим мэдээллийн тусламжтай тогтоох бэлтгэл ажлыг хангасан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын дундуур огож эхлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр ирэх оны төлөвлөгөөт хайгуулын ажил хавар эрт эхлэх боломжтой гэж үзжээ.