Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан (НҮБХС)-ийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хэвлэл мэдээллийн мониторинг-III ” төслийг хэрэгжүүллээ.
Ингэхдээ 2010, 2011 онд хэрэгжүүлсэн, хүүхдийн сэдэвт хэвлэл мэдээллийн судалгааны үр дүнтэй харьцуулж, мэдээллийн хэрэгсэлд хүүхдийн асуудлыг хэрхэн тусгаж байгаа, ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан, хүүхдийн эрхийн асуудлыг сэтгүүлчид сурвалжлахдаа мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг хэр баримталж буй зэрэгт дүгнэлт хийн зөвлөмж гаргажээ.
Мониторингийг 2010, 2011 оныхтой адил хэвлэл мэдээлэлд хүүхдийг сэдэв, оролцогч, хэрэглэгч болохын хувьд авч үзэн мэдээллийн хэрэгсэл тус бүрээр харьцуулан судалсан байна.
Уг мониторингд МҮОНТ, ТВ9, Боловсрол суваг, Монгол ТВ, Ийгл ТВ, Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Зууны мэдээ, www.news.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулсан аж.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн эрхийг хамгаалах, хянах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2009 оны долдугаар сарын 8-ны өдөр нэг талаас Хүүхдийн төлөө газар, Хэвлэлийн хүрээлэн, нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагууд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенц, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182-р Конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох баримт бичгийн үндэслэн байгуулсан байдаг.
Мониторингд дээрх санамж бичигт нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамруулсан байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн ахлах судлаач Н.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа
- Өдөр тутмын сонин хүүхдийн асуудлыг нийтлэлийн бодлогодоо хэрхэн тусгасан байна вэ?
-Өдөр тутмын сонинд хүүхдийн тухай мэдээ мэдээлэл 2011 оноос дөрвөн хувиар буурсан. Сэдвийн хувьд хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн тухай мэдээлэл хамгийн олон давтамжтай нийтлэгдсэн бол, хүүхдийн хөдөлмөр, оролцоо, хүчирхийллийн тухай цөөн дурьджээ.
Мониторинг дүгнэн бид тодорхой зөвлөмжүүдийг гаргасан. Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн талаар сэтгүүл зүйн даацтай бүтээл ховор байгааг харгалзан энэ чиглэлээр бичих сэтгүүлчдийг мэргэшүүлэх, дэмжих талаар сонины редакци болон мэргэжлийн салбарын байгууллагууд анхааралдаа авахыг хүсэж байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүүхдийн асуудлыг хөндөхдөө сэтгүүлчийн ёс зүйн алдаа гаргасан, хүүхдийн keys задарсан тохиолдол мониторингийн хугацаанд ажиглагдсан уу?
-Сонины хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь нь эерэг, 26 хувь нь сөрөг хандлагатай мэдээлэл байна. Сөрөг хандлагатай мэдээлэл буюу аливаа эрсдэлд орсон хүүхдийн тухай мэдээлэхдээ сэтгүүлч мэргэжлийн болон, ёс зүйн зарим алдаа гаргасан тохиолдол бүртгэгдээгүй сайн талтай.
Харин телевизийн хувьд нийт мэдээллийн 70 хувь нь эерэг, есөн хувь нь сөрөг өнгө аястай мэдээлэл байсан бөгөөд цацагдаж буй хүүхэдтэй холбоотой зарим мэдээлэл хүүхдийн ёс суртахуун, амьдрах хэв маягт хор хөнөөлтэй байж болохуйц байгаа хэдий ч сэтгүүлчийн ёс зүй зөрчсөн, хүүхдийн нэр хүндэд халдсан тохиолдол байгаагүй.
Вэб сайтын хувьд хүүхдийн аюулгүй байдал, амьдралын хэв маягт сөрөг нөлөөтэй байж болохуйц мэдээллийг хянах нь зүйтэй юм гэсэн дүгнэлт мониторингоор гарсан.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлэл харилцааны ахлах мэргэжилтэн Г.Ариунзаяа “Хүүхдийн эрхийг олон салбарт хангахын төлөө бид ажилладаг. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт хүүхдийн асуудлыг хөндөхдөө хүүхдийн эрх талаас нь хэр их хөндөж байна вэ гэдэгт дүгнэлт хийх зорилготой энэхүү судалгааг хийсэн. Хүүхэд өөрөө маш эмзэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүүхдийн талаар мэдээлэхдээ хүүхдийн нүүр царайг хэрхэн гаргах вэ, тэр хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр тогтсон дүрэмтэй хэвлэл мэдээллийн байгууллага цөөн байдаг. Цаашид ийм дүрэм, журамтай болох, хүүхдийн тухай мэдээлэхдээ ёс зүйг баримталж ажиллахыг чухалчлах зорилгоор энэхүү мониторинг хийсэн. Бид судалгааныхаа үр дүнд анализ хийнэ. Олон улсын жишигт хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдийн талаар мэдээлэх өөрийн дотоод журамтай, ёс зүйн дүрэмтэй байдаг ” гэж ярилаа.
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захиралын орлогч Г.Гүржидмаа “ Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүүхдийг сэдэв болохын хувьд хөндөхдөө ихэвчлэн зар сурталчилгаа, амжилт гаргасан хүүхдүүдийн асуудал дээр төвлөрч олон нийтэд хүргэдэг. Үүний цаана хүүхдийн хөгжил, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн орчин дахь хүүхдийн асуудал зэрэг маш олон асуудал хөндөгддөггүй. Тиймээс хүүхдийн эрхийн асуудлыг нийтлэлийн бодлогын түвшинд авч үзэх нь чухал байна ”
М.Болорцэцэг