Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгоод буй. Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан бол гурван талбайд шинэ компани шалгарсан тул өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнийг журмын дагуу олгосон байна. Хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаад санал ирээгүй гурван талбайг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлжээ. Сонгон шалгаруулалт явуулсны дүнд улсын төсөвт 316 сая орчим төгрөгийн орлого орсон байна.
Геологи хайгуулын ажлын зардал, бусад зардлыг баримтад үндэслэн баталгаажуулж, босго үнийг нь тогтоосон нийт 18 талбайд сонгон шалгаруулалт зарлаж хуулийн хүрээнд шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Босго үнээ баталгаажуулаагүй аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын газрын Ажлын хэсэгт тухайн талбайд зарцуулсан зардлаа тооцон баталгаажуулж босго үнээ тогтоох шаардлагатай байгаа гэнэ.