Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзан, Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгч болсонд албан ёсоор баяр хүргэлээ. Дэлхийн залуучуудын ассемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр монгол хүн анх удаагаа сонгогдсон нь уг холбоо улс орноо олон улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэж байгаа бөгөөд Монгол улс эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө Азийн орнуудын дунд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор орох болсны илрэл хэмээн үнэлж, улс эх орныхоо нэрийг дэлхийд түвшинд гаргаж, Монголын залуус хүчтэй, мэдлэг боловсрол, удирдах ур чадвараараа олон улсад өрсөлдөхүйц болсны тод жишээ хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн 12-р сарын 7-11-ний өдрүүдэд Албани Улсын Тирана хотноо Дэлхийн Залуучуудын Ассемблейн чуулга уулзалт “Залуучуудын манлайлал, өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор болсон юм. Чуулганы үеэр 2014-2018 онд шинээр ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нэр дэвшиж, чуулганы нийт оролцогчдын олонхын саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн Дэлхийн Залуучуудын Ассемблей нь 1949 онд байгуулагдснаас хойш Канад, Гвиней, Их Британи, Перу, Итали, Австри, Дани, Малайзаас ерөнхийлөгчөөр нийт 12 хүн, Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Франц, Их Британи, Швед, Энэтхэг, Боливи, Гана, Финлянд, Зимбабве, Албани Улсаас нийт 11 хүн сонгогдон ажилласан байна. Дөрвөн жилд нэг удаа болдог чуулганыхаа үеэр сонгодог удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тив хариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг бөгөөд тэдгээр нь нарийн бичгийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавьж ажилладаг аж.