УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ тухай танилцуулгадаа,Байнгын хорооны энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсэг 6 удаа, дэд хэсэг 3 удаа хуралдаж, ажлын журмаар зарим уулзалтуудыг зохион байгуулсан. Ажлын хэсгийн хуралдаан, уулзалтаар “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилт”, гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгүүдийн өөр хоорондын уялдаа холбоо, гадаад харилцааны салбарын бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудлууд зэрэг сэдвээр мэргэжилтэн, судлаачдын судалгааны дүгнэлт, мэдээллийг сонссон. Мөн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Дэмбэрэл, ажлын хэсгийн гишүүн Р.Амаржаргал, Б.Болор нар энэ оны 5 дугаар сард Монгол Улсаас гадаад улсад суугаа 13 Элчин сайдтай цахим уулзалт-ярилцлага зохион байгуулж, Элчин сайдын яамдаас явуулж буй ажил болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцсон. Дээр дурдсан ажлуудаас гадна ажлын дэд хэсгийн гишүүдгадаад харилцааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн талаар судалгаа, танилцуулга зэргийг хийснийг дурдав. Ажлын хэсэг “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын гадаад бодлогод холбогдох хэсэг, “Гадаад бодлогын үзэл баримтлал” зохих түвшинд хэрэгжиж байна гэсэн дүгнэлт хийжээ. Мөн Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах манай улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго үндсэндээ амжилттай хэрэгжиж байна. Хоёрхөрштэй тэнцвэртэй харилцах зарчмыг бүхэлд нь нь авч үзвэл Орос, Монгол, Хятад гурван улсын улс төрийн харилцаа өндөр байгаа хэдий ч статистик үзүүлэлтийг анхааран авч үзвэл эдийн засгийн салбарт тус хоёр оронтой харилцах харилцаанд тэнцвэргүй байдал хэвээр хадгалагдаж байна гэж үзсэн байна. Түүнчлэн Монгол Улс-ОХУ, Монгол Улс-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны идэвх сул, үр дүн багатай байгааг тэмдэглэжээ. Мөн “гуравдагч хөрш”-ийн бодлогын хэрэгжилтийн дүнгээс харахад улс тус бүрийн харилцааны, эдийн засаг, нийгмийн хөгжлийн онцлогийг харгалзан бодлогоо оновчтой хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй, үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Энэ үндсэн дээр цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх саналаа байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн ахлагч болон Гадаад хэргийн сайд, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан саналаа хэллээ.