УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 онд 30 удаа нийтдээ 23.12 цаг хуралдаж, давхардсан тоогоор 50 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрийн дотор хуулийн төсөл 34, УИХ-ын тогтоолын төсөл 17, зөвшилцсөн 12, яам, агентлаг, харъяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 9, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга 4, төлөвлөгөө, тайлан 2-ыг тус тус боловсруулж гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаас нийт 39 санал, дүгнэлт, 11 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасны зэрэгцээ зөвшилцсөн асуудлын талаарх 12 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлжээ. Тус байнгын хороо хяналт шалгалтын ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах, Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг /механизмыг/ боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийх үүрэг бүхий 2 ажлын хэсэг байгуулж ажилласны зэрэгцээ “Алтанбулаг”, “Цагааннуур”-ын худалдааны болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсож танилцжээ. Түүнчлэн “Үндэсний аюулгүй байдал-үндэсний бизнес” сэдэвт хэлэлцүүлэг, “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол-практикийн хурал зохион байгуулсан байна. Байнгын хорооны ажлын тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Цог нар байнгын хорооноос цаашид анхаарах асуудлын талаар саналаа хэлж байр сууриа илэрхийллээ.