Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх асуудлыг шийдлээ. Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас санал болгож парламентаар томилдог. Тэдний тавынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, хоёр нь өөр ажилд шилжсэн учраас орны хүмүүсийг нөхөн томилох хэрэгтэй болсон юм. Орон, гарсан гишүүдийн нэгийг Ерөнхийлөгч, хоёрыг Засгийн газар, үлдсэн дөрвийг УИХ-аас санал болгож дэвшүүлэх квот байсан аж. Ерөнхийлөгчийн зүгээс гүн ухаан судлаач, гавж Д.Нямсамбууг дэвшүүлжээ. Энэ квотын төлөө долоон хүн өрсөлдсөнөөс Энэтхэг, Англид мэргэжил дээшлүүлж, сургууль төгссөн дээрх эрхэм ялгарсан юм байна. Байнгын хорооны гишүүд түүнийг 100 хувийн саналаар дэмжлээ. Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хоёр хүнээ танилцуулсан. Нийт таван хүн өрсөлдсөнөөс “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Золбаяр, “Үндэсний дата” төвийн захирал З.Энхболд нар тунаж үлдсэн аж. Гишүүд тэднийг ч мөн дэмжив.
УИХ-аас санал болгох ёстой дөрвөн квотын төлөө 25 хүн нэр дэвшсэн байна. Ер нь Үндэсний зөвлөлд төрийн бус байгууллагууд хүмүүсийг санал болгодог юм. Байнгын хорооны гишүүд 25 хүнээс нууц санал хураалтаар дөрвийг нь тодруулав. Ингэхэд УИХ-ын гишүүн асан Батж. Батбаяр, “Өнөөдөр” сонины тоймч Д.Оюун-Эрдэнэ болон Д.Цэндсүрэн, Б.Энхмандах нар хамгийн олон санал авч, албан ёсоор нэр дэвшигч болов. Гишүүд Үндэсний зөвлөлд нэр дэвшиж буй хүмүүст аль нэг нам, хүчний нөлөөнд автахгүй ажиллахыг захисан юм. Мөн хоёр жилийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-д хууль хэрхэн хэрэгжиж буйг шалгаад “Хангалтг үй” гэсэн дүгнэлт өгсөн юм байна. Улмаар хүний нөөц, санхүүгийн эрх мэдлийг зөвхөн ерөнхий захирал нь хариуцдаг байдлыг өөрчлөх чиглэл өгчээ. Үүний мөрөөр ямар ажил хийснийг нь гишүүн М.Батчимэг Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос асуухад “Бүх ажилтнаа томилох, мөнгө захиран зарцуулах эрх нь хуулиар зөвхөн ерөнхий захиралд байх заалт бий. Хуулиа өөрчлөхгүй бол Үндэсний зөвлөлд үүнийг зохицуулах эрх байхгүй” гэсэн хариулт өгөв.
Олон нийтийн гэдэг тодотголдоо МҮОНРТ хүрч ажилладаггүй, нийт эфирийн хоёр хувь нь л зар сурталчилгаа байхаар хуульчилсан атал хэрэгждэггүй, хэн хянадаг нь тодорхойгүй, Үндэсний зөвлөл энэ талаар хангалтгүй ажилласан гэх мэтээр гишүүд шүүмжилсэн. Энэ бүхнийг анхаарч ажиллахыг захиад долоон нэр дэвшигчийг дэмжсэн юм.
С.УУЛ