Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105 дугаар сургуулийн сурагчдад өнгөрсөн жилээс хоёр хятад багш төрөлх хэлээ зааж эхэлжээ. Сургуулийн захирал аж ахуйн өрөөг суллан тэднийг байрлуулсан юм байна. Харин энэ хичээлийн жилээс нэг багш нь нутаг буцаж, оронд нь гурван багш ирснээр дөрвөн эрэгтэй багш тус сургуульд амьдарч буй. Хэл заадаг нэртэй ч дүн гаргадаггүй эрэгтэй багш нар эрдмийн өргөөнд гэртээ байгаа мэт тааваараа амьдарч, хүүхдүүдийн хэрэглэдэг ариун цэврийн өрөөг ашигладаг гэхээр хэнд ч хачин санагдах нь мэдээж. Хүүхдүүддээ санаа зовсон эцэг, эх эдгээр багшийг албан ёсны зөвшөөрөлтэй эсэх, яагаад сургууль дээр амьдардгийг мэдэх, үнэн мөнийг олохыг хүссэн юм. Тэдний хэлснээр бол хятад хэл заалгасны төлбөрт жилд 30.000, 60.000, 110.000 төгрөг авдаг аж. Мөн хүүхдүүд энэ хичээлдээ суух дургүй учраас таслаад явчихдаг, үүний улмаас дараа цагийн хичээлүүддээ ч суудаггүй гэнэ.
Тус сургуулийн сурагчид хятад багш нарыг хаана амьдардгийг түвэггүйхэн зааж өгөв. Тэдний амьдардаг өрөөний хаалга түгжээтэй байсан тул тогшиход 20 гаруй насны залуу хаалга онгойлгоод “Хэл мэдэхгүй” гэж монголоор хэлээд хаачихав. Дөрвөн багшийн нэг нь монгол хэл мэддэг, бусад нь огт мэдэхгүй гэнэ. Өрөөндөө байгаа нэгээс бусад нь хичээлтэй байгаа бололтой. Монгол хэл мэддэг багштай нь уулзахад “Хоёр улсын гэрээний дагуу бид III-XII ангийнханд хятад хэл заадаг. Би хоёр дахь жилдээ тус сургуульд ажиллаж байна. Анх зөвхөн хэлний гүнзгий ангид хичээл заадаг байсан. Гэтэл эцэг, эхчүүд “Хүүхдүүдийг ялгаварлалаа. Яагаад зөвхөн гүнзгий ангид хичээл ордог юм. Манай хүүхэд ч хятад хэл сурах эрхтэй” гэснээр энэ жил дөрвүүлээ багшилж байна. Настай багш нарт хоол унд таарахгүй учраас наашаа аль болох залуу багш явуулахыг эрмэлзэж, сонгон шалгаруулдаг. Бидний амьдрах байрыг сургууль хариуцах үүрэгтэй. Бусад зүйлсийг захирлаас асуу” гэснээр бидний яриа өндөрлөв.
Нийслэлд сургууль хүрэлцээгүйгээс дийлэнх сургууль гурван ээлжээр хичээллэж буй. Сонгинохайрхан дүүрэг ч гэсэн хөдөөнөөс шилжин суурьшигчдын тоогоороо толгой цохидог. Азаар тус сургуулийнхан хоёр ээлжээр хичээллэдэг юм билээ. Хятад багш нарын амьдардаг өрөө өмнө нь аж ахуйн зориулалттай байжээ. Хятад хэлний хичээлийг нэг ангид долоо хоногт гурван цаг ордог гэнэ.
105 дугаар сургуулийн захирал Г.Чимгээ “Эд бол Монгол, Хятадын Засгийн газар хоорондын гэрээгээр ажилладаг сайн дурын багш нар. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл ч бий. Энэ гэрээ 10 дахь жилдээ хэрэгжиж байна. БШУЯ, “Ханбан” (Хятад хэлийг дэлхийд түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдах алба), сургууль хооронд байгуулсан гурвалсан гэрээ байгаа. Багш нарт сургуулиас цалин өгдөггүй. Хүүхдүүдээс ч төлбөр авдаггүй. Дугуйлангийн цагаар хичээл ордог. Хүүхэд хүсэхгүй бол энэ хичээлд суухгүй ч байж болно. Манайх багш нарын амьдрах байрыг нь л хариуцах үүрэгтэй. Бид энэ хүмүүсийг сургуульдаа байлгахгүй өөр хаана амьдруулах вэ. Гэртээ байлгах уу, эсвэл айлын хашаанд гэр бариад гаргах уу. “Ханбан” ч үүнийг зөвшөөрөхгүй. Энэ хүмүүсийн амь нас, аюулгүй байдлыг бид хариуцдаг. Зөвхөн манайх л багш нараа сургууль дээрээ амьдруулаад байгаа юм биш. Бусад сургууль ч хичээлийн байрандаа байрлуулдаг. 17, 23, 121, 127, “Амгалан” цогцолбор сургууль ч мөн сайн дурын багш нараа сургуульдаа амьдруулдаг. Тэр бүү хэл, хувийн дунд сургуулиуд ч ялгаагүй. Сайн дурын багш нарыг авч ажиллуулахын тулд жил бүрийн гуравдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлэн, БСШУЯ-нд өгдөг. Яамныхан сургалтын үр дүнд хяналт тавьж, сайн бол багш ажиллуулахыг зөвшөөрнө. Манай хүүхдүүд уралдаан, тэмцээнд шагналт байранд байнга ордог. Өнгөрсөн жил хятад хэлний олимпиадад түрүүлсэн. Түрүү жил ажиллаж байсан хоёр багшийг өөр улсад ажиллуулна гэхэд нь бид “Гэрээгээ цуцална” гэж сүрдүүлэн байж нэгийг нь авч үлдсэн. Явсан багшийнхаа оронд гурван багш авсан. Манай сургууль жижүүртэй. Хятад багш нар ямар нэг асуудал үүсгэдэггүй. Мөн коридортоо камертай. Хичээлийн дундуур хүүхэд хичээл таслаад явах боломжгүй” гэлээ. Тэрбээр мөн өнгөрсөн жил хоёр багшийг нь Баянхошууны иргэд “Ална” гэж дарамталсан гэдгийг хэллээ. Багш нар нь айснаасаа болж, жиж үүрийн өрөөнд унтдаг байсан гэнэ. Эдгээр багш гэрээний дагуу долоо хоногт 12-16 цаг хичээл заадаг юм байна. Тус сургуулийн сурагчдад “Ханбан”-аас 450 сурах бичиг олгосон аж.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
А.ТУЯА: ХИЧЭЭЛИЙН БАЙРАНД СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Л ЭРХЛЭХ ЁСТОЙ
Үүнтэй холбогдуулан БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-105 дугаар сургуульд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр сайн дурын багш нар амьдарч байна. Ийм гэрээ бий юү?
-Монгол Улсад хятад хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах тухай БШУЯ, Күнзийн институтийн төв хоорондын хэлэлцээрээр сайн дурын хятад хэлний багш нарыг ажиллуулахаар тохиролцсон гэрээ бий. Энэ гэрээг өнгөрсөн аравдугаар сард сунгаж, жилд 150 багш ажилууллахаар болсон. Манай яам хятад багш нарт виз гаргуулах, хилээр саадгүй нэвтрэхэд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн. Харин сургууль амьдралын хэвийн нөхцөл болон аюулгүй байдлыг хангасан цэвэр ус, халаалт, цахилгаан, интернэт, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, хоол бэлтгэх хэрэгсэл, хөргөгчтэй орон сууцаар үнэгүй хангах, мөн онгоцны буудлаас тосох үүрэгтэй. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, ажлын нөхцөлөөр хангах ёстой. Түүнчлэн сургууль сайн дурын багшид сард 100 ам.долларын тэтгэмж өгч болно. Харин багш нь хөтөлбөрийн дагуу хичээлээ зааж, энэ хугацаанд өөр газар ажиллах ёсгүй. Зөвшөөрөлгүйгээр нутаг буцаж болохгүй.
-Сайн дурын багш нар ихэвчлэн сургууль дээр амьдардаг гэсэн. Ингэж болох уу?
-Сургуулиуд мөнгөгүйгээсээ орон сууц түрээсэлж багш нарыг байлгаж чадахгүй, сургууль дээр байрлуулж байгаа бололтой. Хичээлийн байранд сургалтын үйл ажиллагаа л эрхлэх ёстой. Сургууль дээр багш нар амьдарч болохгүй. Зарим сургууль төв хаалгаар биш өөр хаалгаар ордог, ариун цэврийн өрөө нь тусдаа газраа багш нараа байрлуулж байгаа гэсэн. Сургуулиуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй.
-Хэдэн сургуульд сайн дурын багш нар ажиллаж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулиас гадна их, дээд сургуулиудад ажиллаж байгаа. Ерөнхий боловсролын 28 сургуульд сайн дурын багш нар ажиллаж байна. Үүний 20 нь төрийн бус өмчийн, найм нь улсын сургууль. Хувийн сургуулиудын ихэнх нь байр хөлсөлж, эсвэл багш нарынхаа байранд байлгадаг. Улсын сургуулиудын хувьд тодорхой мэдээлэл алга. Бид одоо мэдээлэл цуглуулж байна.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ