Түмэн олноо хөлдөө чирдэг, тэгчихээд ичих ч үгүй хариуцлагаас мултарч чаддаг илбэчин шиг чадварлаг төрийн түшээдтэй билээ, бид. Тиймээс ч ная гаруй жилийн түүхтэй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг сая л нэг өргөтгөж, шинэчлэх гэсэн биш шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын Хууль зүйн сайдад булаалгаад тэнд ч үгүй, энд ч үгүй болсон. Эмнэлгийн байр хүрэлцээгүй, ханиад нь хатгаа болж хүндэрсэн хүүхдүүд хүйтэн шалан дээр жиндэн хэвтэж байхад тэр сайхан, зориулалтын байрыг харин төрийн алба хаагчдын оффис болгон төрийнхнийг эрх дураар нь тарвалзуулах гэж зүтгэсэн нь хөгийн. “1990 оноос хойш ганц эмнэлэг шиг эмнэлэг барих гэхээр УИХ, Засгийн газар яагаад зууралдаад байгаа юм бэ. УИХ-ын ордон, ажлын оффис барих гээд байгаа юм бол ордны арын цэцэрлэг байна. Наян хувь нь шарилж ургах болсон тэр цэцэрлэгт барь л даа. Зүүн талд нь ч газар байна. Би энэ эмнэлгийн газрыг өгөлгүй авч үлдэж чадсан юм. Гэтэл одоо эмнэлгийн зориулалттай шинэ байрных нь барилгын ажил дуусах шатандаа орчихоод байхад яагаад зогсоох гээд байгаа юм бэ. Тэр чинь эмнэлгийн барилга учраас агааржуулалтаасаа эхлээд их нарийн бүтэц, зохион байгуулалттай. Бид Япон явж туршлага судалж байж зургийг нь гаргасан. Тиймээс тэнд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг байлгахгүй гэвэл ядаж ЭМЯ-нд шилжүүлээд, амаржих газар болгочих” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хоёр жилийн өмнө гуйж нэг, гуядаж нэг хэлээд хүчрээгүй. Тэгээд л Х.Тэмүүжин сайдын “шинэчлэгч” албатуудын тушаалаар эмнэлгийн зориулалттай байрны дотоод бүтэц, зохион байгуулалтыг 70 гаруй хувиар өөрчлөн, бүхнийг дахин шинээр эхлэх үүрэг “Шинэ барилга” компанийнханд ногджээ. Тэд таван сарын турш долоон давхар байшингийн хана нурааж, хаалга, цонх битүүлж, шинэ хонгил гарган, агааржуулалтын хоолой, сантехникийн шугамуудаа өөрчлөх гээд маш их хүч хөдөлм өр гаргасан ч одоо өнөөхөө буцаагаад хуучин хэвэнд нь оруулах үүрэг аваад буй.
Эмнэлгийн байшингийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөх энэхүү сонирхолтой эвлүүлдэг тоглоомыг улстөрчид гардан зохион байгуулсан. Төлөөсөнд нь долоон тэрбум шахам төгрөг урсах тооцоо гарчээ. Одоогоор гурав орчим тэрбум нь аль хэдийнэ үрэгдээд байна. Хамгийн муухай нь зүгээр ч нэг оффис бус, эмнэлгийн байрны доод давхрын гарааш байхаар төлөвлөсөн хэсгийг түр саатуулах буюу хорих газар болгон “тохижуулсан” байх юм. “Эмнэлгийн байрыг шорон болгосон байна лээ шүү” хэмээн өнгөрсөн долоо хоногт О.Баасанхүү гишүүн УИХын чуулган дээр хэлэхэд нь үнэндээ итгээгүй. Одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч “Арай ч шорон биш ээ” гээд байсан юм. Гэтэл худлаа байж. Улайм цайм хүйтэн төмөр торон хаалга бүхий дөрвөн тасалгаа, өөдөөс нь харсан хянагчийн өрөөтэй байхад ийм орчныг шорон биш хүүхэд саатуулах газар гэх үү. Юм юмны түрүүнд далдганаж явдаг О.Баасанхүү л хэлсэн болохоос ийм эмгэнэлт явдал бий болсон нь үнэн байсныг уржигдар (энэ сарын 22-нд) тэнд очоод нүдээр үзлээ. Хэлэх ч үг алга. Монголд шорон цөөдсөн биш дээ, ямар.
Манайд эмнэлгийн шинэ байр ямар их хэрэгтэй байгааг яагаад харалган түшээд ойлгоогүй юм бол. Улсын нийслэлийнхээ төв цэгт, Төрийн ордныхоо баруухан талд шорон байгуулахгүй л бол Монголын гэмт хэрэгтнүүд багтаж шингэхээ байтлаа олширчихсон юм гэж үү. Тэдэнд ичих нүүр, айж эмээх сэтгэл гэж үнэхээр алга болчихсон юм байх даа. “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэж эрээ цээргүй дураараа аашилсны ердөө хоёрхон жишээ энэ. Тухайн үедээ дөрвөн тэрбум шахам төгрөгөөр тус эмнэлэгт нийлүүлэн угсарч байсан, хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт, өндөр хүчин чадалтай хоёр аппаратных нь нэгийг эвдсэн хойноо одоо тохуурхаж байгаа юм шиг эмнэлгийн байрыг буцааж өгөх болсон. Цэргийн госпиталь, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хоёрыг нэгтгэхдээ Монгол Улсад одоогоор оруулж ирээд байгаа хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI аппаратыг эзэнгүйдүүлж орхисны гайгаар өдгөө 300 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон. Гэвч энэ мөнгийг хэн, хаанаас гаргах нь тодорхойгүй.
Хамгийн гол нь хэн хариуцлага хүлээх вэ гэдэгт хэн ч хариу өгөхгүй байна. Энэ байдлаараа бол эмнэлгийн байрыг буцааж өглөө гэхэд тэр аппаратыг ажиллуулж, ид шидийг нь үзэхгүй байсаар элэгдэлд оруулж мэдэх нь. Яг үнэнийг хэлэхэд, одоогийн энэ шийдвэрийг ч Хууль зүйн сүүлийн хоёр сайдын тулааны илрэл төдий гэх хүн олон байна. Дахиад л түмэн олныхоо эрүүл мэнд, татварын мөнгөөр бүү тоглоосой билээ
Л.ГАНЧИМЭГ