“Алтан гүүр” компаниар дамжуулан Япон улсаас машин авах гэж байсан цөөнгүй иргэн залилуулсан. Тус компани “Япон улсын автомашин худалдааны бүхий л салбарт гэрээтэй, хамтран ажилладаг тул таны хүссэн өнгө загварын автомашиныг хамгийн олон сувгаар хайж, түргэн шуурхай авчирч өгнө” гэсэн зарыг www.altanguur.com цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн юм. Цөөнгүй иргэд үүнд итгэн захиалга өгч, урьдчилгаа мөнгөө төлсөн ч өдгөө юу ч үгүй хоцорч хохироод буй. Залилуулсан иргэд өнгөрсөн сарын 14-нд Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст энэ талаараа гомдол гаргасан бөгөөд өдгөө хохирогчдын тоо 54, хохирлын хэмжээ 500 сая төгрөгт хүрээд буй гэнэ. Тус хэлтсийн байцаагч н.Батсайхан нь хэргийг хэт удаан шалгаж, өнөөг хүртэл холбогдох газарт нь шилжүүлж, шийдвэртэй алхам хийгээгүй аж. Хохирогчид үүнийг нь “Алтан гүүр” компанийн явуулга гэж үзэж байгаагаа өчигдөр дуулгасан юм. Учир нь хэргийг шийдэлгүй удаашруулснаас болж тус компанийн захирал Т.Энхтөр гэмт үйлдлийн мөрөө баллан, компанийнхаа дансыг хоосолж, энэ сарын 25-нд гадаад явсан гэнэ. Иймд иргэд хэргийн гол буруутан Т.Энхтөрийг эрэн сурвалжилж, бүлэглэн залилсан гэмт этгээдүүдийг нарийн шалган саатуулж, иргэдийн хохирлыг барагдуулахыг шаардав.