“Аливаа баяр цэнгүүний зардал, чирэгдэл хэрээс хэтрэх ёсгүй. Тэр тусмаа наргиж наадсаны чинь дараа хүрээлэн буй орчин хохирч үлдвэл юуных нь баяр байх билээ”. Ийн онцолсон Eartheasy. com сайтынхан Шинэ жилийн баярыг хэрхэн “ногоон” болгон тэмдэглэх тухай найман зөвлөмж гаргажээ.
ҮРГҮЙ ЗАРДАЛ БҮҮ ГАРГА
Баярын ширээг чимэх, зочдын гар цайлгах бүхнийг заавал дэлг үүрээс худалдаж авах шаардлагагүй. Баярын зоог, элдэв амттанаа өөрөө хийвэл зүгээр. Зардал ч бага тусна. Харин гарын доорх материал ашиглан, ердийн дурсгалын зүйл биш, гэр ахуйн хэрэглээний, хүнд хэрэг болох юу ч юм урлавал чин сэтгэлийн бэлэг болно. Энэ нь таны мөнгийг хэмнээд зогсохгүй, хог хаягдал бага гаргаж, байгальд ээлээ өгөх сайн талтай юм.
САЙТАР ТООЦООЛ
Харин дэлгүүрээс бэлэг худалдаж авах зайлшгүй шаардлага гарвал сонголтоо хийхээс өмнө сайн бодоорой. Таны худалдаж авах зүйл байгальд хор хөнөөлгүй байх ёстойг мартуузай. Энэ нь санасныг бодвол тун хялбар. Дахин боловсруулсан эд материалаар хийсэн, эсвэл зай хэрэглэдэггүй, цэнэглэдэггүй зүйл худалдаж авахад л та өөрөө өөртөө байгаль хамгаалагч болох нь тэр.
БЭЛГЭЭ БАГЛАЖ, БООХ ХЭРЭГГҮЙ
Энэ танд бүдүүлэг санагдаж магадгүй. Гэхдээ Зул сар, Шинэ жилийн баярын дараа дэлхий нийт бэлгийн уут, баглаа боодол болох 20 гаруй сая тонн хогонд дарагддагийг та мэдэх үү? Үүний дөрвөн саяыг нь америкчууд, 12 саяыг нь европчууд “үйлдвэрлэдэг” байна. Тэр их хогийн дийлэнх нь хөрсөнд шингэдэггүй, дахин ашиглах аргагүй гялгар цаас, уут байдаг нь бүр ч аймшигтай. Тэгэхээр хог болох зүйлийг нэг их чухалчлалгүй, дахин ашиглах цаасан юм уу, даавуун уут хэрэглэх нь зүйтэй. Боломжтой бол бэлгээ баглаж, боохгүй байвал бүр сайн.
БАЙГАЛЬД ОЙР БАЙ
Баярын өдрүүдээр та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хэдэн өдөр зурагтын өмнө суух уу, хотын захад очиж салют буудуулах уу, эсвэл энд тэндхийн үдэшлэгт очиж, хог дээр хаягдах нэг удаагийн аяга, тавагны тоог нэмэх үү? “Эко” сэтгэлгээтэй нэгэн бол танд энэ бүхэн зохихгүй. Оронд нь гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт салхинд гарч, их хотын хурц гэрэл, дуу чимээний бохирдлыг бага ч атугай бууруулж болох шүү дээ. Тэгээд ч цэвэр агаарт цасаар наадах хэчнээн зугаатай билээ.
ЧИМЭГЛЭЛЭЭ ЦӨӨЛ, ГЭРЛЭЭ УНТРАА
Хамгийн том сүлд мод, хамгийн хурц тод гэрлэн чимэглэлтэй айлыг “мундаг”-т тооцдог үе ард хоцорчээ. Дэлхий нийтээрээ биш гэхэд, хөгжингүй олон оронд ЛЕД гэрлэн чимэглэл моод болоод удаж байна. Ийм гэрлийг ердийн чийдэнтэй харьцуулбал 95 хүртэлх хувиар цахилгаан хэмнэдэг. Тиймээс гэртээ баярын уур амьсгал оруулахад цөөн тооны, чамин хийцтэй ЛЕД гэрэл байхад л хангалттай юм. Орчин тойрноо гэрлийн бохирдлоос хамгаалж, цахилгааны мөнгөө хэмнэхийн тулд унтахдаа сүлд модныхоо гэрлийг унтраахаа мартуузай.
АМЬД ГАЦУУР СОНГО
Байгальдаа ургаж буй гацуурыг тайрч, гэртээ авчир гэж хэлээгүй юм шүү. Харин бэлэн суулгац байдаг ба түүнийг гацуур бэлтгэлийн тусгай газарт тарьж, ургуулдаг юм. Хиймэл сүлд модыг голдуу хуванцраар хийдэг. Тийм сүлд мод тоос их татаж, харшил үүсгэдэг бол амьд гацуур агаар цэвэршүүлж, хожим хаягдлаа гэхэд байгальд хог болдоггүй онцлогтой. Гэтэл хиймэл сүлд модыг хог боловсруулах цэгт яаж ч дүрийг нь өөрчлөөд дахин ашиглах боломжгүй байдаг байна. ИЛ ЗАХИДЛААС ТАТГАЛЗ Бүх зүйл цахим сүлжээнээс хамааралтай болсон одоо үед ил захидал хуучирсан гэж бодож байвал та эндүүрч байна. Дэлхий нийт өнөө ч ил захидал, цаасан шууданг жилд хэдэн зуун саяар нь илгээж байгаа. Энэ нь Шинэ жилийн баярын үеэр хэд дахин нэмэгдэж, ойролцоогоор 900 саяд хүрдгээс 80-аад хувь нь хог болдог аж. Америкийн нэгэн судалгааны байгууллагын хийсэн тооцоогоор америкчууд жил бүрийн Зул сар, Шинэ жилийн баярын үеэр хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй, 10 давхар барилгатай тэнцэх ил захидал бие биедээ илгээдэг гэнэ. Энэ нь 300 мянган мод сүйтгэдэг гэсэн үг. Ингэж үзвэл ил захидлаас татгалзах нь зөвхөн мөнгө, цаас хэмнэх тухай асуудал биш юм.
ДАХИН АШИГЛА
Түрүү жилийн баяраар ашигласан бүхнээ энэ жил дахиад ил гаргахаасаа битгий нэрэлх. Сүлд мод, зүүсгэл чимэглэл, гэрлэн гоёо бүхэн чинь өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байж, үүргээ биелүүлэхэд л хангалттай. Бэлгийн уут, гоёлын тууз, баярын ширээнд өнгө нэмэх лаа, үүдний дээр өлгөөтэй саа, жижигхэн хонх гээд баярын юм бүхэнд энэ хамаатай юм шүү. Ахуй орчин цэвэрхэн, байгаль дэлхий өнгөтэй байж, таны гэр бүл идээ ундаагаар бялхан, элэг бүтэн, сэтгэл хангалуун байхад л баярын утга учир оршино.
Г.ЛХАГВА