“Шинэ эрин” олон улсын сургалттай, төрийн өмчит лаборатори сургуулийн их завсарлагааны цагаар эко клубийн сурагчидтай уулзахаар очив. Хэсэг сурагч “Юмхнаар юм бүтээе” нэртэй буланд хаягдал цаасаар сав хийж, зарим нь шалан дээр зурсан чиртаагаар тоглож харагдав. Тэд их завсарлагааны цагаа “Ухаалаг утаснаас татгалзъя” уриатай өнгөрүүлдэг аж. Энэ талаар тус сургуулийн эко клубийн дарга, 10 дугаар ангийн сурагч П.Мөнгөншатар “Аав ээж минь бага байхдаа баавгайн чих, дээс, тэвгээр тоглож өссөн тухайгаа ярьж, энэ нь дасгал болдог байсныг дурсдаг. Харин орчин үеийн хүүхдүүд хуруугаараа л тоглодог болж дээ гэдэг юм. Би хоёр жилийн өмнө эко клубт элсэж, сургалтад сууж байхдаа компьютер, ухаалаг утас зэрэг нь тархины хорт хавдар үүсгэдэг тухай олж мэдсэн. Тиймээс манай клубийн сурагчид ядаж их завсарлагааны цагаар гар утас хэрэглэхгүй байхыг бусдадаа уриалсан. Хог хаягдлаар хийсэн бүтээл ч ховор нандин бараа болж хувирдаг” гэв.
1992 онд Бразил улсын Рио-деЖанейро хотноо болсон “Хүрээлэн буй орчин ба хөгжил” сэдэвт хурлын үеэр залуу үеийнхнийг байгаль хамгаалах сэтгэлгээтэй болгох тухай үзэл баримтлал гаргасан байна. Улс орны тогтвортой хөгжил, байгаль хамгаалах ажилд хамгийн том үүрэг гүйцэтгэгч нь хүүхдүүд байх ёстой учир “Эко сургууль” олон улсын хөтөлбөрийг санаачлан бий болгожээ. Одоогоор дэлхийн 50 гаруй улсын 40 мянга орчим сургууль “Эко сургууль”-ийн үйл ажиллагаанд нэгдээд байгаа аж. Манай улс 2008 оноос тус хөтөлбөрийн үзэл баримтлалыг туршиж, 2011 онд “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв” ТББ албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж эхэлжээ. Эко сургуулийн үйл ажиллагаа долоон үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд эко клуб байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хичээлийн хөт өлб өртэй уялдуулах зэрэг ажил багтдаг аж. Байгаль орчныг хэрхэн хамгаалах тухай мэдлэггүй өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо ч өөрчлөгдөхгүй гэдгийг “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг хэлэв.
“Эко сургууль” олон улсын хөтөлбөрт ecoschool.mn цахим хаягаар бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн сургууль эко клуб байгуулж “хог хаягдал” сэдвийн хүрээнд сурагчдад мэдлэг олгох, хог ялгаж хаях савтай болох зэргээр үйл ажиллагаагаа эхлүүлдэг байна. Үүнийгээ хөтөлбөрийн зохион байгуулагч нарт шалгуулж, гэрчилгээ авдаг аж. Манай улсад тус хөтөлб өрийн гэрчилгээг авсан 70 гаруй сургууль бий. “Эко сургууль” хөтөлб өрийн хамгийн сүүлийн шат нь ногоон тугтай болох бөгөөд ийм туг авсан сургууль одоохондоо манайд байхгүй. Энэ тухай “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг “Хөтөлбөрийн гол зорилго нь сургуулийн бүх хүнийг хамруулах юм. Тус сургуулийн манаач, цэвэрлэгчээс эхлээд захирал нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэтэл зарим хүн үүнийг зөвхөн эко клубийн сурагч, багш нарын хийх ажил мэтээр ханддаг. Байгаль орчныг зөвхөн салбарынхан нь хамгаалж чадахгүй. Хүн бүрийн оролцоо чухал. Гэхдээ ногоон туг авахад ойртож байгаа сургууль олон бий” гэв.
“Шинэ эрин” сургууль уг хөтөлбөрт нэгдэхийн тулд хоёр жилийн өмнө эко клуб байгуулжээ. Тэд олон улсын эко сургуулийн хоёр дахь шатны батламжаа авсан байна. Дээр дурдсан ногоон тугийг авахын тулд тус клубийнхэн сургуулийн бүх хүнийг байгаль орчны үйл ажиллагаанд нэгдэхийг уриалдаг. Ингэхийн тулд эко клубийн үйл ажиллагааг сурталчлах “Өсвөрийн эко сэтгүүлч” клуб байгуулжээ. Тэд долоо хоног бүр экологийн тухай мэдээлэл бэлтгэж, сурагчдад танилцуулдаг байна. Саяхан тэд “Зажилсан бохио гудамжинд хаях бүрт шувуудын тоо цөөрсөөр байна” уриатай материал бэлджээ. Монгол хэл, уран зохиолын багш Ш.Батцэцэг “Сурагчдыг зөв хүн болгон төлөвшүүлэхэд зөвхөн танхимын хичээл хангалтгүй. Байгаль орчноо хамгаалах нь суралцахтай адил бидний үүрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Клуб байгуулсны эхний өдөр байгаль орчин сүйдсэнээр бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлж, хүмүүс хэрхэн зовж байгааг бодит жишээгээр тайлбарласан. Маргаашнаас нь л хогоо ялгаж хаях, гар утсаар тоглохоо болих зэрэг өөрчлөлт гарч эхэлсэн” гэсэн юм.
Тус хөтөлбөрт ихэвчлэн ЕБС-ийг хамруулдаг боловч энэ жил их, дээд сургууль болон цэцэрлэгүүд бүртгүүлэх хүсэлт ирүүлжээ. Учир нь эко сургуулийн хөтөлбөр тухайн байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн байдлаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын үйл ажиллагааг аягатай хоол гэж үзвэл тус хөтөлбөр амтлагч нь болж өгнө гэсэн үг юм.
Э.НЯМДУЛАМ