Үндэсний статистикийн хорооноос барилгын салбарын хөрөнгө оруулалт энэ оны эхний есөн сард өнгөрсөн оны мөн үеэс хэрхэн өөрчлөгдсөн талаарх статистик мэдээллийг гаргажээ. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2014 оны эхний есөн сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрсний 94.3 хувь нь дотоодын, үлдсэн хувь нь гаднын байгууллагуудад ногджээ. Ингэснээр өмнөх оны мөн үеийнхээс 49.8 тэрбум төг буюу 4.4 хувь, үүнээс дотоодын байгууллагынх 8.8 хувиар өссөн бол гадаадын байгууллагынх 37.3 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны эхний есөн сард барилгын байгууллагууд нийт 1.1 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 90.5 хувь нь дотоодын, 9.5 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байсан юм.
Барилга угсралт, их засварын тухайд нийт ажлын 39.3 хувийг инженерийн барилга, байгууламж, 35.5 хувийг орон сууцны барилга, 20.7 хувийг орон сууцны бус барилга, 4.5 хувийг их засварын ажил эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхээс орон сууцны барилгын ажил 22.5, их засварынх 2.4, орон сууцны бус барилгынх 1.8 хувиар өсөж, харин инженерийн барилга байгууламжийн ажил 6.6 хувиар буурсан байна.
Тэгвэл барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2012 оны мөн үеийнхээс 2.8 дахин, үүнээс дотоодын байгууллагынх 626.6 тэрбум төг буюу 2.6 дахин, гадаадын байгууллагынх 105.1 тэрбум төг буюу 3.7 дахин өсчээ.