Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор Уурхайчдын улсын зөвлөгөөнийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөө" уриан дор Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний асиоциац хамтран зохион байгуулав. 250 гаруй уурхайчин оролцсон уг үйл ажиллагааны үеэр УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн мэргэжлийн өвчин судлалын хэлтсийн дарга Д.Хишигтогтох, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар нар оролцож хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар Уул уурхайн яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Уурхай дахь хөдөлмөрийн харилцааны асуудал, цаашид авах арга хэмжээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенцийн үзэл баримтлал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Шинэчлэлийн Засгийн газрын үед “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-той болж, голлох хууль эрх зүйн баримт бичгүүддээ өөрчлөлт оруулж заримыг нь шинээр батлуулснаар эрдэс баялагийн салбарт ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, хөрөнгө оруулалтын хувьд өрсөлдөх чадвартай, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан. Их эвслийн Засгийн газрын Уул уурхайн яамны хувьд дээрх бодлого, хуулиудын хэрэгжилтийг хангах, ялангуяа улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц бодлого боловсруулж холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана. Уул уурхайн яам 2014 оныг баялаг бүтээгчдийн жил гэж зарласан. Энэ ажлын хүрээнд алтны салбарт 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл, төмөрлөгийн салбарт Чингис бондоос 50 сая ам.долларын санхүүжилтыг олгуулах, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллалаа. Хувийн хэвшлийг дэмжих талаар ил тод, хүнд сурталгүй шуурхай ажиллах чиглэл баримталсан. Цаашид ч бид баялаг бүтээгчдээ дэмжих бодлогыг залгамжлан үргэлжлүүлэх болно. Өдгөө уурхайчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг баялаг бүтээгч үндсэн капитал болсон хүн рүү чиглэсэн сэдвээр Улсын зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Хөрөнгө оруулагчид, ажил олгогчдын нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг бол уурхайчдын аюулгүй, эрүүл орчинд хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах, өрсөлдөхүйц хэмжээний цалин хөлс хүртээх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх явдал юм. Ингэж чадах аваас хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцөл бүрдэх юм” гэсэн юм.