УИХ-ын гурван Байнгын хороо өчигдөр хуралдаж, даргаа томилох талаар хэлэлцэв. УИХ дахь МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Өргөдлийн байнгын хорооны даргад О.Баасанхүү гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. Тус бүлгийн дарга Н.Батцэрэг саналыг танилцуулахдаа хуульч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө өмгөөллийн ажил эрхэлж байсныг нь тодотгосон. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл, Ж.Батзандан нар Байнгын хорооны даргад нэр дэвшигчид хандаж санал хэлсэн.
Тухайлбал, Ж.Батзандан гишүүн “Өргөдлийн байнгын хороо бол энэ удаагийн парламентын үед гарсан том дэвшил” гээд том дарга нар, эрх мэдэлтнүүдэд чиглэл өгөх ганцхан боломж нь уг Байнгын хороо байдаг тул өмнөх даргаас илүү идэвхтэй ажиллах шаардлагатай гэв. Гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараа “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 10 гишүүний тав нь зөвшөөрч, тав нь татгалзав. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Засгийн газарт хамарч ажиллах гэрээний хүрээнд тэднийд ногдож буй Байнгын хороо гэдгийг ойлгохыг гишүүдээс хүсээд дахин санал хураах горимын санал гаргасан. Дахин санал хураах үед зөвшөөрсөн болон татгалзсан саналын тоо мөн л тэнцсэн тул хурал даргалагч энэ удаагийн хурлыг завсарлуулав. Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Су.Батболдын нэрийг дэвшүүлсэн. Гишүүд нэр дэвшигчид асуулт тавьсан ч, санал хэлэлгүй, 100 хувь дэмжлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргад АН-ын бүлгийнхэн Д.Батцогтыг улируулан сонгохыг дэмжсэн байв. Түүнээс мөн л асуулт асууж, санал хэлэлгүй 100 хувийн саналаар Байнгын хорооны даргаар улируулан ажиллуулахыг дэмжсэн. Мөн тус бүлгээс Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор гишүүнийг ажиллуулах санал танилцуулсан юм. Төсвийн байнгын хорооны гишүүд түүнийг даргаараа ажиллуулахыг дэмжив.
Т.ЭНХБАТ