Монголын томоохон нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” компани 5.5 тэрбум ширхэг үнэт цаас нэмж гарган 1.5 тэрбум орчим хонконг доллар босгохоор төлөвлөснөө өнгөрсөн аравдугаар сарын эцсээр зарлаж байв. Тодруулбал, одоогийн хувьцаа эзэмшигчид нь хоёр ширхэг үнэт цаас тутамд гурван үнэт цаасны эрхтэй байх бөгөөд нэгж нь 0.28 хонконг доллар байна хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл хөрөнгө оруулагчдаас 19.1 тэрбум ширхэг хувьцаа худалдан авах санал ирүүлснийг Хонконгийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Энэ нь санал болгосон хэмжээнээс 247 хувиар илүү гэсэн үг аж. Худалдан авах төлбөрөө хийсэн эзэмшигчдэд хувьцааг нь ирэх даваа гаригт шилжүүлэх гэнэ.
Тус компани хувьцаа арилжсан мөнгөө зээлээ төлөх, хөрөнгийн нөөцөө нэмэгдүүлэх зэрэгт зарцуулах юм байна. Нэмэлт хувьцаа гаргахад “BNP Paribas”, “JP Morgan” компани андеррайтераар ажиллажээ.
Ц.БОЛОР