Замын нэгдүгээр эгнээнд зогсож буй автомашиныг хулгайч шиг авч оддог компанийнхны бизнест олон хүн дургүй. “Муу нэртэй, луу данстай” ийм компанийн жолооч, ачигч нарын хэрээс хэтэрсэн үйлдэлд тээврийн хэрэгсэл эзэмшигч төдийгүй жирийн иргэд ч дургүй. Гэвч тэд дутагдлаа засахын оронд иргэдэд хор, хохирол учруулсаар байна. Өнгөрсөн хавар UMT компанийн жолооч Г урсгал сөрж яваад 13 настай хүүг дайрч гэмтээсэн, зун нь өөр нэгэн компанийн жолооч мөн л урсгал сөрж автомашинууд мөргөсөн. Хэдийгээр тэд тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон ч Замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрөх эрхгүй. Ийм зөрчлүүд гарсаар байхад машин ачигч компаниудын удирдлага мөнгөндөө шунахаа л бодохоос хууль дүрэм биелүүлэх талаар огт санаа тавьдаггүй бололтой.
Өнгөрсөн даваа гаригт гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг “Урбаник”-ийн уулзварт “Хас хишигтэн” ачилтын компанийн жолооч Х согтуугаар “Хьюндай Маяти” маркийн 81-02 УНИ дугаартай ачигч машинаа жолоодож яваад “Тоёота Приус”-ийг мөргөжээ. Х-ын согтуурлын зэргийг шалгахад 1.7 хувь буюу маш өндөр зэргийн согтолттой байсан аж. Иргэдийн машин текникийг ачиж явахдаа маш хариуцлагатай хандах ёстой жолооч ажлаа хийж явахдаа согтуу байхаар барахгүй осол гаргасанд иргэд ихэд дургүйцэж байгаа юм.
Г.РАВЖАА