Энэ сарын 12-19-нд Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн хандсанаас эмийн бодист тав, угаарын хийд долоон хүн хорджээ. Тэдний найм нь хэвтэн эмчлүүлж байгаа бол дөрвөн хүн эмнэлгийн тусламж авсан байна. Сүүлийн өдрүүдэд иргэд угаарын хийд хордон, амиа алдах нь олширч буй аж. Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух 20 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн 22 настай эрэгтэй “Верна аксент” маркийн автомашиндаа угаартан, нас баржээ. Тэд хосууд байсан аж.
Мөн хэсэг залуус автомашиндаа архидан согтуурч байгаад нэг нь угаартан амиа алдсан бол энэ сарын 22-нд Чингэлтэй дүүрэгт айлын байшин шатаж, 50 настай иргэн, таван настай зээ охиныхоо хамтаар угаартан нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд автомашиныхаа агаарын солилцооны систем буюу паараа ажиллуулдаг. Ингэхдээ агаар солих системээ гаднаас агааржуулахаар тохируулж, замын хөдөлгөөнд оролцох нь элбэг аж. Ийм байдлаар замын түгжрэлд удаан зогссоноос угаартаж, хордох нь нэмэгддэг байна. Учир нь өмнөх машины яндангаар хаясан хорт хий арынхаа тээврийн хэрэгслийн агаар солих системээр дамжин, бүхээгт нь орж зорчигчдыг хордуулдаг юм байна.
Иймээс Эрүүл мэнд, спортын яамнаас иргэдэд машинаа халаах явцдаа дотор нь суухгүй, гараашид машин халаахгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинд суухгүй байх, зуухныхаа амыг бүрэн тагласан, эсэхээ байнга шалгах, түлээ нүүрсээ бүрэн шатаан, сайжруулсан зуух, түлш хэрэглэхийг зөвлөв.
О.УНДРАХ