Та юу бодож байна вэ? Би ирээдүйн тухай бодож байна. Гэрэл гэгээтэй, аз жаргалтай ирээдүйн тухай бодож байна. Та ч бас сайхан ирээдүйн тухай бодоорой. Бүгдээрээ сайн сайхны төлөө бодож, сэтгэвээс ирээдүй гэрэл гэгээ, аз жаргалаар бялхана гэж итгэнэм. Бид махир сэлэмний цавчилт, өдөт сумны нисэлт, хангарьдын дэвэлт, цэрэг эрсийн уухай мэт сонсогддог Монгол гэж нэгэн нэрэнд харьяатай. Эх нутаг минь үзэмж төгөлдөр, эцэг өвгөд минь агуу цадигтайг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Орон суурин минь хөгжилтэй, эх нутаг минь онгон дагшин, үзэсгэлэн төгөлдөр байх учиртай. Тийм л ирээдүйг бүтээх нь бидний бодол сэтгэлийн орчил мэт. Би газрын хэвлий дэх алтаа гаргаж ирээд хүн бүр нь аягаа өнгөлж, авдраа чимээд, брэндээр гангарч, “Бенз” хөлөглөх тансаглалын тухай ер бодоогүй байна. Буурай орноо бусдын энд хүргэхийн төлөө бүгд хөдөлмөрлөөсэй, шударга зарчмыг нүдний гэм болгосон бурангуй суртлаа арилгаасай, хүн бүр байгаль дэлхийгээ ижийтэйгээ зүйрлэж хайрлаасай гэж хүсэж байна.
Удахгүй аргын тоолол арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг, цагийн зүү 12-ыг зааж, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэн, нөгөөг угтана. Бүх зүйл нэгэн жилээр улирна. Хуучин он баяртай хэмээгээд амтат дарсаа оргилуулж, шинэ жилийг тосно. Сэтгэл хөөрөн баярлацгаана. Яг тэр мөчид гэрэл гэгээтэй, аз жаргалтай ирээдүйн төлөө хундагаа тулгацгаая. Тийм л ирээд үйг цогцлоох нөр их хөдөлмөрийн төлөө, эрч хүчийн төлөө хундагаа дахин тулгацгаая. Та одоо ирээдүйн тухай бодож байна уу? Таныг сайн сайхан ирээдүйн тухай бодож байгааг би мэдэж байна.
Т.ЭНХБАТ