Өчигдөр өглөө 8.30 цагт Сингапурт газардах байсан, Малайзын "AirAsia" компанийн Индонез дэх охин компанийн QZ8501 нислэгийн дугаартай Airbus A320-200 онгоц Явагийн тэнгис дээгүүр нисэж байхдаа удирдлагын төвтэй холбоо тасарсан билээ. Онгоцыг эрж хайх ажил шөнө түр завсарлаж, үүр цаймагц дахин эхлээд байна. Эрлийн ажилд Малайз, Индонез, Сингапураас гадна Австрали, Энэтхэгийн мэргэжилтнүүд оролцож байгаа аж.
Онгоцонд нийт 162 хүн явсны 137 нь том хүн, 17 нь хүүхэд, нэг нь сар ч хүрээгүй нярай гэнэ. Зорчигчдын дийлэнх нь Индонезийн иргэд юм байна. Албаныхны мэдээлж буйгаар онгоцны ахмад хамгийн сүүлд холбоо барихдаа 11 мянган метрийн өндөрт гарах зөвшөөрөл хүсчээ. Тэрбээр агаар муудсан, хүчтэй шуурганаас холдох хэрэгтэй байна гэсэн тайлбар хэлсэн аж.