Монгол, БНХАУ, ОХУ-ын хэвлэл мэдээллийн салбарынхны уулзалт БНХАУ-ын Манжуур хотноо энэ сарын 24-нд боллоо. Гурван улсын хамтарсан энэхүү уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцсон байна. Манжуур хотын орлогч дарга, Гадаад соёлын солилцооны нийгэмлэгийн ерөнхийлөгч Бай Шао Жүэн “Гурван улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байхын эхлэл тавигдлаа” гэж уг арга хэмжээний ач холбогдлыг үнэлсэн бол МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Ийм гурвалсан харилцаа, хамтын ажиллагаа нь гурван орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байх юм” хэмээв. Мөн энэ үеэр Манжуурт Гурван улсын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны хөгжлийн тухай хурал болсны дээр, Монгол, БНХАУ, ОХУ-ын гоо бүсгүйчүүдийн дунд зохиодог 11 дэх удаагийн миссийн тэмцээн, олон улсын аялагчдын цас мөсний баярыг 16 дахь жилдээ зохион байгуулжээ.
Гурван орны хил дээр оршдог Манжуур хот нь Хятадын хуурай газрын хамгийн том боомтоос гадна аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буй олон улсын нээлттэй туршилтын бүс юм. Хил залгаа нутагт аялал жуулчлалыг хамтран хөгжүүлж, харилцан ашигтай ажиллах талаар ихээхэн санаачлага гаргаж буй Манжуур өнгөрсөн жил дотоод, гадаадын 5.5 сая гаруй жуулчин хүлээн авчээ.