Шинэ Засгийн газар байгуулснаар Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ)-ны хуучин бүтцэд байсан бодлогыг хэвээр үлдээж, газрууд дахь ажлын чиг үүргийн давхардлыг арилган бүтцийг нь өөрчилсөн байна. Ингэхдээ Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газар, Дэд сайдын хариуцах асуудлын хүрээнд багтаж байсан Шинжлэх ухаан технологийн зөвлөлд ногоон хөгжлийн бодлогын асуудлыг нэмж тусгалаа. Барилга, хот байгуулалтын яам нь салбарын бодлогыг тодорхойлох төрийн захиргааны төв байгууллагын хувьд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газруудыг Бодлогын газар болгон өөрчилж, Стратегийн бодлого төлөвлөлтийн газарт Норм, нормативын хэлтэс, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын хэлтэс шинээр байгуулсан байна. Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон Хуулийн хэлтсийн чиг үүргийг Төрийн захиргааны удирдлагын газарт хэлтэс болгон нэгтгэжээ. Яамны харьяанд байсан Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтын чиг үүргийг нэгтгэн Барилгын техник, технологийн судалгааны Үндэсний хүрээлэнг эмхлэн байгуулсан байна. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын бүтцэд хот байгуулалтын чиг үүргийг хамааруулж, Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болгон өөрчилжээ.