Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” систем нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. Уг системийг нэвтрүүлснээр иргэд газартай холбоотой лавлагаа, мэдээллийг цахимаар авч, гаргасан хүсэлтийг нь хаана, хэн хянаж буйг мэдэх боломж бүрдэх гэнэ. Газартай холбоотой мэдээллүүдийг өдгөө цаасан хэлбэрээр хадгалж архив үүсгэдэг, зарим газарт бүр мэдээлэл огт байдаггүй юм байна. Харин шинэ систем суурилуулснаар бүх мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах аж. Уг системийг эхний ээлжинд 21 аймаг, 330 сумын газрын кадастрын мэдээллийн сан, газар өмчилж, ашиглаж, эзэмшиж буй бүх иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг цахим болгоно. Дараагийн шатанд иргэд газартай холбоотой мэдээлэл, үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдүүлэх аж. Мөн бүх аймаг, сумын газрын харилцааны байгууллагуудад орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж, ажилтнуудыг нь чадавхижуулах юм байна. Одоогоор зургаан аймгийн төвийн мэдээллийг бэлэн болгосон бөгөөд ирэх оны эхээр системд оруулах аж.