Мэргэжлийн хяналтын ерөнхий газар савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээ хийж холбогдох стандарттай харьцуулан дүгнэлт өгөх, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, санал, зөвлөмж боловсруулах зорилгоор шалгалт явуулжээ. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэвэр усны 54 үйлдвэр хамрулсан байна. Цэвэр ус үйлдвэрлэхээ зогсоосон, засварын ажил хийж байгаа, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн дамжлага, машин, тоног төхөөрөмжийн тохиргоо, засварын ажлыг үе шаттай хийж байгаа зэрэг шалтгаанаар үйлдвэрлэлээ зогсоосон бусад 13 аж ахуйн нэгж хяналт шинжилгээнд хамрагдаагүй байна.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд, баталсан стандартын дагуу үйлдвэрлэлийг явуулж буй эсэх, цэвэр усны лонх, түүхий эдийн баталгаажилт, үйлдвэрлэж бэлэн болгосон хуванцар лонхны ариутгал, халдваргүйжүүлэлийн байдал зэргийг шалгасан байна. Мөн савласан цэвэр усыг шинжилгээнд хамруулж, худалдаа, үйлчилгээнд техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан ус нийлүүлж буй эсэхийг хянажээ.
Шинжилгээнд хамрагдсан үйлдвэрүүдийн 55.7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу барьсан барилга байгууламжинд буюу төвлөрсөн усан хангамжийн системд, 44.3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус, хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн 57.7 хувь нь технологийн хэрэгцээний халуун устай, даралттай халуун усаар дамжлага шугамыг угаах нөхцөл бүрдүүлсэн байна. Гүний худгаас эх үүсвэртэй буюу хэсгийн усан хангамжтай үйлдвэрүүдийн 30.6 хувь нь ундны усны эх үүсвэрт хамгаалалтын бүсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажилласан байна.
Түүхий эд, сав баглаа боодлын баталгаажилтийн тухайд үйлдвэрүүдийн 26.9 хувь нь “Мегапласт монголиа”, 13.4 хувь нь “Мон Пак” компаниас, 15.3 хувь нь бусад эх үүсвэрээс, 1.9 хувь нь БНСУ-аас, 42.3 хувь нь БНХАУ-аас импортолдог аж. Хуванцар лонхны угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хувьд 68.5 хувь нь автомат ажиллагаатай машиныг цэвэр усны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид суурилуулан үйлдвэрийн технологи ажиллагааны дагуу ажиллуулж, цэвэр ус савлах хуванцар лонхыг угааж, халдваргүйжүүлэн хэрэглэж байна. Харин 31.4 хувь нь автомат тоног төхөөрөмжгүй, сав, бэлэн болсон лонхыг бор давс, сод, марганц зэрэг бодис ашиглан угааж, савыг нь дахин хэрэглэж байжээ.
Нийслэлд 2013 онд хийсэн шалгалтаар нийт 47 зөрчил илрүүлсэнээс 85.1 хувийг арилгуулан ажилласан ба илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Блю голд”, “УБЗБ” компанийн цэвэр усны үйлдвэрт албан шаардлага өгч, олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөл бүрдүүлсэн “Эвтэй намсрай”, “Шим рашаан”, “Алтан бошго” компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин эрсдэлийг бууруулсан байна.
Тэгвэл энэ удаагийн шалгалтаар 68 зөрчил илрүүлэн 75.6 хувийг арилгуулсан байна. Үүнд савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43.5 хувь нь нянгийн тоо нормоос их байсан нь усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөл бүрдүүлж байна.
Шалгалтын дүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “Блү голд”, “Файрсанни мүүн”, “Вояж” компанийн цэвэр усны үйлдвэрт улсын албан шаардлага өгсөн байна. Мөн ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” компанийн цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Үүнээс гадна “Вошштерн”, “Хэгсакуа” компанийн үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.