Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар салбарынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажил байдалтай танилцахаар “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраар оржээ. Барилгын хөгжлийн төвийг 2012 онд байгуулсан. Тухайн үед Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгаснаар, тухайн байгуулагын хэрэгжүүлж байсан барилга, нийтийн аж ахуй, сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн чиг үүргийг Барилгын хөгжлийн төв хэрэгжүүлэх болсон юм. Мөн Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор БШУЯ, ЭМЯ, ССАЖЯ-ны дэргэдэх Барилга захиалагчийн албыг тус төвд нэгтгэснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт Барилга захиалагчийн техникийн хяналт тавих чиг үүрэгтэй болсон гэдгээ тус төвийнхөн танилцуулав. Үүний зэрэгцээ зураг төсөл, норм, норматив, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, тусгай зөвшөөрөл олголт, сунгалт, мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалт явуулдаг зэргээр хариуцсан ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
Тус төв барилгын салбарт евро стандартыг нутагшуулах ажлын хүрээнд барилгын норм, дүрэмд үзлэг хийж, техникийн түвшин тогтоох ажлыг “Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж буй. Иргэд, аж ахуйн нэгжид хүргэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох үүднээс “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээн ажиллуулах болсноо ч дурдсан юм.
Д.Цогтбаатар сайд “Тусгай зөвшөөрөл олгох шат дараалал, дамжлага, цаг хугацаа багассан тухай мэдээлэл авсан. Маш сайн хэрэг. Цаашид ч шаардлагагүй гарын үсэг, дамжлагыг багасгах боломжийг эрэлхийлнэ. Евро стандартад мэргэжлийн зарим хүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Аль ч оронд өөр орны стандартыг шууд хуулдаггүй. Тухайн стандартыг нутагшуулах, евро стандарттай дүйцэхүйц монгол стандарттай болох хөтөлбөр гаргаж, салбарын яамтайгаа хамтарч ажиллаарай. Яамны шинэ бүтцийг баталж, Норм нормативын хэлтэс байгуулж байна. Энэ хэлтэст шаардлагатай материал, судалгааны ажлуудаасаа гаргаж өгвөл хийх ажил хялбар болно” гэлээ.