“Органик Монгол” үндэсний хөдөлгөөний санаачилгаар “Бүтээлч Монгол” аян өрнүүлэх болжээ. Тус хөдөлгөөнийхөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 2011 оноос хойш “Монгол бэлэг”, “Монголд үйлдвэрлэв” цуврал аялал зохион байгуулж байжээ. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт эрс муудаж, гаднаас хямд үнэтэй, чанар муутай бараа бүтээгдэхүүн зах зээлд элбэг болсон тул үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэхээр энэ удаагийн аянаа өрнүүлэх болсон байна.
Аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээс 10 монгол бэлэг худалдан авч хүндэт есөн хүнд бэлэглэж, нэгийг нь дараагийн үйлдвэрт бэлэглэж, тухайн үйлдвэрээсээ дахин 10 бэлэг авч, дараагийн есөн хүнд бэлэглэх хэлбэрээр өртөөлөн үндэсний бүтээгдэхүүнээ таниулан сурталчлах аж. Үндэсний үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээр тус аянд нэгдээрэй.