Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хэвлэх, арьс шир боловсруулах үйлдвэр, хими цэвэрлэгээний газарт ашиглаж буй химийн бодистой ажилладаг ажилтны ажлын байрны орчинд шинжилгээ хийжээ. Шалгалтад 14 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хими цэвэрлэгээний 30 газар, хэвлэлийн 72 үйлдвэр, цех, арьс ширний 11 үйлдвэр нийт 113 байгууллагын ажлын 321 байрыг хамруулжээ.
Хяналт шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ажил олгогч нар ямар химийн бодис хэрэглэж байгаа талаар ажилчдадаа мэдээлдэггүй учир ажилтнууд нь химийн ямар бодистой ажиллаж байгаагаа мэддэггүй, химийн бодисонд тэсвэртэй бээлий, хормогч олгодоггүй, химийн бодис асгарсан тохиолдолд цэвэрлэх саармагжуулах журам, стандарт мөрддөггүй нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Ингээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой 205 зөрчил илрүүлсний 44.2 хувийг газар дээр нь арилгуулж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ. 15 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн, үйлдвэрийн агааржуулалтын систем ажиллагаагүй, химийн бодис хадгалах шаардлага хангаагүй зөрчлөөр үйл ажиллагааг нь түр зогсоож, засуулах арга хэмжээ авчээ.
Химийн хортой болон аюултай бодистой харьцан ажиллаж байгаа ажилчдын өртөлтийн судалгааг эрүүл мэндэд нөлөөлөх байдалтай холбон судлах, хэмжилт, шинжилгээ, тандалт судалгааны ажлыг өргөжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ажил мэргэжилтэй холбоотой мэргэжлийн архаг хордлогыг эрт үед нь илрүүлэх эмнэлгийн үзлэг болон хордлогын шинжилгээ хийх лабораторийн чадавхийг сайжруулах, хүний биошингэнд хорт бодис тодорхойлох шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан сануулав.