Мэргэжлээрээ гурван жил ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл байнга төлдөг иргэн Цэцэгээ нэг сар өвчтэй байсны улмаас 70 мянган төгрөгийн цалин авчээ. Жирэмсний тэтгэмж авах болтол нэг сар нийгмийн даатгал төлөөгүй учир олгох боломжгүй гэсэн байна. Үүний учрыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас лавлалаа.
-Жирэмсний тэтгэмж авах эрх хэрхэн үүсэх вэ?
-Сайн дурын даатгалд хамрагдсан, мөн албан журмын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгох эрхтэй. Гэхдээ 12 сар нийгмийн даатгал төлсөн, тэр дундаа сүүлийн зургаан сард нь тасралтгүй төлсөн байх ёстой.
-Манайд хандсан иргэн нийгмийн даатгал төлөөгүй биш төлсөн. Гэтэл яагаад жирэмсний тэтгэмж авах эрхгүй болчихсон юм бол?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, сайн дурын даатгалд хамрагдах гэрээтэй байлаа ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөс шимтгэл тооцогддог. Харин хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.920.000 төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэд 192.000-1.920.000 төгрөгийн хооронд орлогоо тодорхойлоод, түүнээсээ 12 хувийн шимтгэл төлөх ёстой.
192.000 төгрөгийн орлоготой иргэн нийгмийн даатгалд 23.040 төгрөг төлдөг. Албан байгууллагад ажилладаг иргэн цалингаасаа 10, ажил олгогч 11-13 хувийг даатгалд төлнө. Тухайн хүний бие өвдсөн гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж байхгүй. Хуульд тийм ойлголт байдаггүй. Сайн дурын даатгал төлж байгаа иргэн гэрээ хийсэн өдрөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Иргэд хоёрдугаар сард гэрээ байгуулчихаад, өмнөх сарынхаа шимтгэлийг нөхөж төлье гэдэг. Нийгмийн даатгалын тухай хуулиар нөхөн төлөх боломжгүй. Гэрээ байгуулсан сараасаа л төлдөг.
Э.ЭРДЭНЭ