Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан П.Даш генерал өнгөрсөн баасан гаригт хорих ялаа эдэлж дуусаад суллагджээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид худгийн сахиулаар ажиллаж байсан аж. Түүнийг ОБЕГ-ын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэлтэй бүлэглэн албаныхаа хөрөнгөөс завшсан хэмээн буруутгаж, гурван шатны шүүхээс гурван жил зургаан сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тодруулбал П.Даш, Л.Алтангэрэл нарыг бүлэглэн, давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний эд хөрөнгө завшиж, үрэгдүүлсэн гэм буруутайд тооцсон. Улмаар тус бүрээс нь таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураах, улсад учруулсан 600 гаруй сая төгрөгийг тэднээс гаргуулж, ОБЕГ-т олгуулахаар болсон юм.