Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас ялтны сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаж буй эсэхийг шалгажээ. Уг шалгалтад хорих 407 буюу эмэгтэйчүүдийн, Тоосгоны буюу хорих 409, Амгалан дахь 421 дүгээр анги хамрагдсан бөгөөд шалгалтаар ноцтой гэхээр зөрчил илрээгүй аж. Харин ч хүмүүжигчдэд тустай олон ажил хийснийг прокурорууд сайшаажээ. Тухайлбал, дээрх хорих ангиудад бичиг үсэгт тайлагдаагүй 45 хүн ял эдэлж байсан бөгөөд нийгмийн ажилтнууд нь тэднийг уншиж, бичихэд сургаж гэрчилгээ олгосон байна. Хүмүүжигч нэг бүртэй харилцаж, тэдэнд хамгийн ойр туслагч нь байдаг нийгмийн ажилтан болон сэтгэлзүйч хорих 421 дүгээр ангид дутагдалтай байгааг прокурорууд анзаарч орон тоог нь нэмэх талаар ШШГЕГ-т албан тоот хүргүүлсэн гэнэ. Тус ангид 400-гаад хүн ял эдэлж буй ч нийгмийн нэг л ажилтан тэдэнтэй харилцаж буй бол зэргэлдээ орших 409 дүгээр ангид 200 гаруй хүмүүжигчтэй, долоон нийгмийн ажилтантай аж.