“Хенлон” компанийн захирал “саятан” гэх Ж.Мягмаржаргалаас “Эрдэнэт үйлдвэр”-ХХК-ийнхан зургаан тэрбум гаруй төгрөг нэхэмжилжээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж байх үед Ж.Мягмаржаргал “Эрдэнэт үйлдвэр”-ээс түүгээр хэлүүлэн ган бөмбөлөг нийлүүлнэ хэмээн их хэмжээний мөнгө авсан ч түүнийгээ өгөөгүй гэх асуудал яригдаж байсан билээ. Гэвч шүүх Ж.Мягмаржаргал, Н.Энхбаяр нартай холбоотой үйлдлийг нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон юм.Харин “Эрдэнэт үйлдвэр” Ж.Мягмаржаргалаас уг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэн олж авахаар болсон бөгөөд уг хэргийг шүүхээр хэлэлцэхээр товлосон байсан ч нэхэмжлэгч “Эрдэнэт”-ийн бие төлөөлөгч нар “Нотлох баримт архиваас авах тул хугацаа шаардлагатай байна. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт шүүх бүрэлдэхүүнд гаргасан гэнэ.