Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг зохиодог билээ. Цэнгүүн өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д болох юм.
Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байна. Үдшийн цэнгүүнд Ньюанс, Гурван охин, Шар айраг, Б.Чинбат, С.Наран, Д.Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм байна.
Мөн он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хариуцсан ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Тодбаяр “Шинэ жилийн арга хэмжээтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд таван газраас салют буюу гэрэлт үзүүлбэр үзүүлнэ. Үүн дээр бүх мэргэжлийн байгууллагууд ажиллан, аюулгүй байдлыг хангана ” гэлээ.
М.Болор