Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан. Харин хоёр дахь мөсөн гулгуурыг нийслэлийн ЗДТГ, Мобиком корпараци, Соунд оф Монголиатай хамтран анх удаа олон улсын стандартын мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт байгуулж, албан ёсоор нээлээ.
Хүүхэд залуус дахин нэг мөсөн гулгуур нээх хүсэлт тавьсан аж. Ингэснээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас судалж үзээд дахин нэг мөсөн гулгуурыг ийнхүү нээжээ.
Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Монголын хоккейн холбооны тамирчид, Соунд оф Монголиа болон Мобиком корпарацийн төлөөлөл оролцсон юм.
Мөсөн гулгуур болон хоккейн талбай нь 30х60 хэмжээтэй юм байна.
Мөн нийслэлчүүддээ чанартай, өнгө үзэмж бүхий тэшүүр, хувцас хэрэгсэл, халуун цай, кофегоор үйлчилж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ая тухтай, тохилог орчинд гулгаж, наадах нөхцлийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог ажээ.
Уг мөсөн талбайд Монголын хоккейн холбооноос UB CUP – 2015 олон улсын тэмцээн, Монголын хоккейчдын тоглолт, хүүхдийн фестиваль, Монголын анхны кёрлингийн тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
М.Болор