Энэ жилийн шинэ оны үдэш өмнөх жмлүүдийг бодвол харьцангуй хүйтэн жавартай байлаа. Гэсэн хэдий ч нийслэлчүүд маань төв талбайдаа шинэ оноо хамтдаа угтав.
Нийслэлийн ЗДТГ-аас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг баяр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээ 08.00 цагаас эхэлсэн юм.
Цэнгүүний үеэр иргэд өвлийн өвгөн, цаа бугатай гэрэл зургаа мөнхөлж, дуу хуураар дүүрэн байлаа.
Цэнгүүн “Шар айраг”, “Sweetymotion” “Ньюанс” “3 охин” “V.R” хамтлаг болон хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, поп дива С.Наран, Д.Болд нарын ая дуугаар 00.00 цаг хүртэл үргэлжилсэн билээ.
Он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирж, шинэ оноо иргэдтэйгээ угтсан юм.
Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл. “Юуны өмнө Та бүхэнд айлчлан ирж буй 2015 оны мэндийг дэвшүүлье. Жил бүрийн энэ өдөр өнгөрсөн жилийг амжилт бүтээлээр үдэж, ирэх оноо урам зоригоор угтах хүсэл зорилгоор бид энд цуглардаг. Энэ жил өнгөрсөн жилээс илүү хүйтэн өдөр шинэ оноо угтаж байгаа ч гэсэн өмнөх жилээс илүү их хүн цугларсан нь Та бүхний халуун сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож байна. Тийм учраас Улаанбаатар хот 2015 онд энд цугларсан хүний тоогоор амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Бид Нийслэлээ дэлхийн сайхан хот болгохын төлөө зорин ажиллаж байна. Энэ ч үүднээс бид ирэх жил Улаанбаатарын хаанаас ч интернетэд холбогдох боломжийг бүрдүүлж, 10 гаруй мянган айл өрхийг орон сууцаар хангаж, нийслэлийнхээ гудамж талбайг хөгжсөн хотуудын хэмжээнд тохижуулж, иргэдээ ажил орлоготой болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Та бүхний энэ их энерги, халуун сэтгэлийн хүчинд бидний ажил бүтэмжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уг арга арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бол уг арга хэмжээ дууссаны дараа нийслэлийн Тээврийн газраас 30 автобусаар иргэдэд үйлчиллээ.
М.Болор