Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас эрхлэн Дархан сумын гэр хорооллын 10 багт байгуулагдсан Шарын голын уурхай буюу Шарын гол хувьцаат компанийн нүүрс борлуулах гэрээт цэгүүдэд иргэдийн хүсэлтээр шалгалт хийжээ.
Дархан сумын дээрх 10 багт уурхайн харьяа нүүрс борлуулах 10 цэг өнгөрсөн оны 10 дугаар сараас иргэдэд нүүрсээ нийлүүлж эхлэсэн. Цэгүүдээр дамжуулж иргэд ирэх хаврыг хүртэл зах зээлийн үнээс харьцангуй хямд буюу шуудай нүүрсийг 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой болсон. Гэтэл Шарын гол ХК-иас нийлүүлж байгаа нүүрс хог чулуу ихтэй, савласан шуудайны хэмжээ бага гэсэн иргэдийн гомдол нүүрс худалдаалагдаж эхлэснээс хойш тасраагүй учир холбогдох мэргэжилтнүүдийн хамтарсан баг гарч шалгалт хийлээ гэж аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал ярилаа.
Тэрбээр “Дархан суманд есөн мянга гаруй өрх гал түлдэг гэсэн судалгаа байдаг. Багуудаас авсан судалгааг нэгтгэхэд эдгээр өрхүүд ид галлагааны үед 24 мянга гаруй тонн нүүрс түлдэг гэсэн тооцоо гарсан. Өмнө нь ийм хэмжээний нүүрсийг иргэд өвөл хаврын хүйтэнд зах зээлээс нэг шуудайг нь 7-10 мянган төгрөгөөр авдаг байсан бол харин аймаг орон нутгаас барьж байгаа бодлогын үр дүнд иргэд эдийн засагтаа хэмнэлт гаргах эерэг нөхцөл бүрдсэн” гэв.
Түүнээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн аймаг орон нутгаас нэг ч төгрөг харалгүйгээр өөрсдөө бүх ажлын зардал, ажиллах хүчийг хариуцан Дарханчуудыг хямд нүүрсээр хангаж байгаа Шарын гол хувьцаат компанид Дарханчууд талархах хэрэгтэй гэсэн бол “Шарын гол” ХК-ийн төслийн менежер Б.Гэрэлт-Од иргэдэд нийлүүлж байгаа нүүрсний чанарт онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.