УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол шинэ оны босгон дээр ХБНГУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тиедеманныг хүлээн авч уулзжээ. Талууд хэд хэдэн асуудлаар санал солилцсоны дотор Монгол, Герман улс хамтран байгаль орчны чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирснийг цаашид хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх тухай асуудал голлож байв. Тухайлбал, Германы дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол эко системүүдийн дасан зохицох нь” хэмээх хөтөлбөр тун амжилттай байгаа бөгөөд үүний үр дүнд экологийн ач холбогдол бүхий тодорхой газар нутагт орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзсан тогтвортой менежмэнт нэвтрүүлэх чиглэлээр МСҮТ-үүдэд иргэдийг сургаж байгаа аж. Харин Монгол, Германы санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд 11.5 сая еврогийн өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн ч нэлээд олон саад бэрхшээлтэй тулгарсныг Элчин сайд хэлжээ. “Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл унаган байгаль, дархан цаазат газруудаа хэвээр хадгалж үлдэх хэрэгтэй. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр цаг уурын өөрчлөлттэй уялдуулан Монголын дархан цаазат газруудын менежментийг бэхжүүлэхээс гадна орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх ач холбогдолтой” хэмээн тэрбээр онцолсон байна. Хариуд нь Д.Оюунхорол сайд эдгээр хөтөлбөрийг үр дүнтэй үргэлжлүүлэх, зарим саад бэрхшээлийг арилгах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ гэдгээ хэлээд, цаашид мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Герман улстай хамтран ажиллаж, нөхөн сэргээлтийн шилдэг технологийг нь Монголд нутагшуулах бодолтойгоо дурджээ.