Булган аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Засаг даргын захирамжаар томилсон Ажлын хэсэг хамтран, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг, салбарыг аттестатчиллаа. Үүгээр Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн”, “Өнөр”, Ачуут” дэлгүүр, Рашаант, Сайхан, Тэшиг суманд байрлалтай “Мөнх цагаан хайрхан”, “Ундрах”, “Синка”, “Эргэл” баарны тусгай зөвшөөрлийг цуцлав. Эдгээр аж ахуйн нэгж аттестатчилалд хамрагдаагүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй, шаардлага хангаагүй зэрэг зөрчил гаргасан аж. Харин холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангасан, чанар, аюулгүй байдлаа баталгаажуулсан, тохирлын гэрчилгээтэй гурван дэлгүүр, караоке баарны эрхийг хоёр жилээр сунгаж, нэг мини маркет, караоке бааранд шинээр тусгай зөвшөөрөл олгожээ. Тус аймагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 170 гаруй цэг, салбар үйл ажиллагаа эрхэлж байна.