ИНЕГ 2015 онд агаарын хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд Фүүтийн нэгжийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Агаарын навигацийн үйлчилгээний газраас “Агаар ба газрын үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэмжигдэхүүн болон нэгж”-ийн стандартын төслийг боловсруулан хоёр удаагийн техникийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Стандартчилал хэмжил зүйн газар зохион байгуулагдсан Стандартын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Ингэснээр Иргэний нисэхийн салбарын хоёр дахь суурь стандарт албан ёсоор бүртгэгдэж байгаа юм.