Оны босгон дээр УИХ-ын ихэнх Байнгын хороодын удирдлагыг шинээр томилоод буй. Өөрөөр хэлбэл, Өргөдлийн байнгын хорооны даргаас бусдыг нь шинээр томилсон. Тус Байнгын хороо нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт квотоор олгогдсон цорын ганц Байнгын хороо бөгөөд бүлгийн зүгээс О.Баасанхүү гишүүнийг санал болгоод буй. Харин Байнгын хорооны хуралдаанаар О.Баасанхүү гишүүнийг даргаараа сонгох, эсэхийг хэлэлцээд нэг бус удаа санал хураасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцэж, түүнийг томилж чадаагүй билээ. Тэгвэл эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай бүлгээс О.Баасанхүү гишүүнийг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн шийдвэр хэвээрээ байгаа. Намын бүлгийн манай шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, О.Баасанхүү гишүүнийг томилох ёстой” гэсэн юм.