Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалтад Монгол Улсын төлөөлөл багш нар оролцоод ирлээ.
Тус чуулга уулзалт арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан билээ. Уулзалтад Монгол, Филипин, Индонези, Малайзи улсуудын 300 орчим төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр ЮНЕСКО-гийн шугамаар Ази, Номхон Далайн бүс нутагт 2012 оноос хойш хэрэгжүүлж буй Багш солилцооны хөтөлбөрийн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид Багш солилцооны хөтөлбөрийн хүрээг тэлэх, бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ.
Мөн оролцсон БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа нь Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсролын яамдын санаачилан хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээний боловсролын хамтын ажиллагаа болсон" гэдгийг онцлон тэмдэглэжээ.