Сэлбэ голыг гурван жил цэвэрлэсэн нийслэлийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, түүний аав Зоригтбаатар нарыг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр З.Буянхишиг “Голын эргээр тарьсан хогийг цэвэрлэчихээд эргээд харахад үнэхээр гоё байдаг. Гэвч хэдхэн хоноод ирэхэд дүүрэн хог хөглөрсөн байдаг. Хүн хог тарина., үүн дээр хашааныхаа хогийг цэвэрлээгүй айлуудыг хог бас салхиар хийсэж ирдэг. Ер нь голын эргээр мод л сайн таримаар байна” гэж ярилаа. Харин аав Н.Зоригтбаатар нэгэн санаачлага гаргаж, гэр бүлийнхэн нь ч дэмжжээ. Тэрүүхэн хавьд байх усан тохойн ойролцоо хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих төлөвлөгөө гаргаад, хэсэг газрыг хашаалж авсан гэнэ. Тиймээс тэдний санаачлагыг БОНХАЖЯ дэмжиж, тусалж, хамтарч ажиллана гэдгээ Д.Оюунхорол сайд энэ үеэр хэлсэн юм. Энэ асуудлаар яамныхаа холбогдох газрын дарга нарт ч үүрэг өглөө.
Тэрбээр “Зөвхөн байрны хүүхдүүд л тоглоомын талбайтай байна гэсэн ойлголт байхгүй. Гэр хорооллын суурьшмал бүсэд нийтийн эзэмшлийнх нь талбайг гаргаж өгөөд тоглоомын талбай байгуулах, эргэн тойронд нь ногоон байгууламж бий болгох санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана” хэмээв.
М.Болор