Эхний ээлжийг нь энэ оны эхээр ашиглалтад оруулах болсон “Буянт-Ухаа 2” хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсноо Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын гүйцэтгэх захирал А.Гантулга мэдэгдсэн байна. “Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчдаас захиалга авах журмыг Засгийн газар батлахдаа төрийн албан хаагч эсвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байх ёстой гэсэн шаардлага нь иргэдийг нэлээд бухимдуулсан юм.
“Буянт-Ухаа 2” хорооллын үнэ нь орон сууцны зах зээлд борлуулж буй байрны үнээс бага байх ч “Буянт-Ухаа 1” хорооллынхоос арай илүү байх гэнэ. “Буянт-Ухаа 1”-ийн орон сууцны нэг ам метрийн үнэ 1.2 сая төгрөг буюу зах зээлийн ханшаас харьцангуй хямд байсан ч Засгийн газраас баталсан журмыг хангасан иргэд банкны шалгуур хангахгүй буцаж байв. Энэ нь “Буянт-Ухаа 2” хорооллыг барихад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг босгоход хүндрэл учруулсан тул ТОСК-аас Засгийн газраас гаргасан журмыг зөөлрүүлэх санаачилга гаргаад буй гэнэ.