Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тогтоолоор дүүргийнхээ бэлгэ тэмдгийг өөрчилж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ хувилбарыг ашиглахыг харьяа байгууллагууддаа даалгажээ. Уг бэлгэ тэмдэг нь дүүргийн нутаг дэвсгэрийн байршил, үүсэл хөгжил, түүхэн замнал, соёл уламжлал болоод ард түмний эв нэгдэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийг илтгэж байгаа аж.
Түмэн олны аз жаргал төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрч, хөгжин дэвшиж байхыг бодолцон, сүлд тэмдгийг тойруулан ногоон дэвсгэр дээр алтан шаргал өнгийн түмэн насан хээгээр хүрээлүүлэн, оройд нь соёмбоо байрлуусан нь төрөө ямагт дээдлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг бэлгэджээ. Түүнчлэн бэлгэ тэмдгийн төв хэсэгт дөрвөн зүгийг өнгөөр төлөөлүүлэн дүрсэлснээс гадна боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн захиргааны байгууллагууд төвлөрсөн нийслэлийн гол дүүрэг гэдэг утгаар хангарьдын биен дээр хотын төв цэгийг байрлуулсан байна. Дүүргийн бэлгэ тэмдгийг (сүлд тэмдэг, туг) үйлдэхдээ хэмжээнээс үл хамааран, ИТХ-ын тогтоолоор баталсан эх загварыг чанд баримтлахыг үүрэг болгожээ.