Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн шинэ жилийн баярыг тохиолдуулан өнгөрсөн сарын 31-нээс өчигдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас ерөнхий эргүүл, жижүүр 24 цагаар үүрэг гүйцэтгэж, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах анги, нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүний ажлыг хянаж, хариуцлагатай жижүүрүүдэд үүрэг өгч ажилласан байна. Он солигдох үеэр Чингисийн талбайд зохион байгуулсан “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн, таван цэгт ёслолын буудлага хийхэд Аврах гал унтраах 14, 34, 29, 63, 18 дугаар ангийн 100 гаруй алба хаагч хяналт тавьж, буудлага эхлэхээс өмнө болон дууссаны дараа галын аюулгүй байдлын үзлэг хийжээ.
Өнгөрсөн сарын 31-нээс өчигдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 50 дуудлага ирсэн байна. Үүнээс гал түймрийн 43, техникийн болон ахуйн холбогдолтой ослын долоон дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай үүрэг гүйцэтгэсэн. Зам тээврийн осолд өртсөн 17, ахуйн осолд өртөж түлэгдсэн гурван хүнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүргэж, гал түймрийн болон техникийн холбогдолтой ослоос 27 иргэнийг аварсан байна. Дээрх хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.3 хувиар өссөн бол гал түймрийн тоо 7.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.