Найз бүсгүйгээ олон хоногийн турш зодож, гэмтээсэн гэх хэрэгт холбогдсон Г.Алтанхүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан бусдын амийг санаатай бүрэлгэсэн, 98 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан гэмтэл санаатай учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх уг хэргийг хүлээн аваад хэд хэдэн удаа хэлэлцэх өдрийг товлосон ч өмгөөлөгчөөс шалтгаалан хойшилж байсан юм. Өчигдрийн шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад талийгаачийг амиа алдахаас тав хоногийн өмнө хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, түүнээс өмнө нэг бус удаа хөнгөн гэмтэл учруулж байсан гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Улмаар хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар гурван жил хорих ял оноолоо.