МУИС-ийн захирал А.Галтбаяр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд ажлаа өгсөн юм. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэх мэдээлэл байсан ч багш нарын эсэргүүцэл ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэсэн таамаглал ч бий. Тэрбээр 2013 оны наймдугаар сард тус сургуулийн захирлаар томилогдсон. Энэ хугацаанд МУИС-д шинэчлэлийг эхлүүлж, дөрвөн багшид нэг дарга ногддог данхар бүтцийг өөрчлөн, бүрэлдэхүүн 14 сургуулийг тав болгон цөөлж, CиСи мэдээллийн систем нэвтрүүлсэн юм.
А.Галтбаяр захирал шинэчлэлийн үр дүнг “Оюутнуудад ТҮЦ-ийн биш супермаркетын сонголт санал болгоно” гэж тодорхойлж байлаа. Энэ хүрээнд оюутнууд багшаа сонгодог, мөн оюутан тодорхой хугацаанд хичээлээ судалсны дараа мэргэжлээ сонгох боломж бүрдсэн. Харин үүнийг нь тус сургуулийн зарим багш, оюутан эсэргүүцэн, хэл ам хийж, түүнийг шүүхэд хүртэл өгөөд амжсан. Шүүхээс түүний буруугүйг нь тогтоосон юм.
Чухам ямар шалтгаанаар ажлаа өгөх болсныг А.Галтбаяр захирлаас тодруулахад “Шинэчлэлийн ажил цэгцэрч эхэлсэн учраас, мөн өөрийнхөө ачааллыг багасгахын тулд ажлаа өглөө. Би сургуульдаа үргэлжлүүлэн багшилна. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэсэн мэдээлэл гарсан нь ташаа” гэлээ. Түүний халааг БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн зөвлөх Р.Бат-Эрдэнэ авсан юм.
Э.ЭРДЭНЭ