УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна. Мөн энэ оны төсвийн тодотголыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дэд дарга Ш.Түвдэндорж мэдээлэл хийсэн юм. Төсвийн тодотголд өрийн босгыг 70 хүртэл хувь болгож нэмэхээр тусгасан гэх мэдээллийг тэрбээр үгүйсгэв. Өрийн босгыг өөрчлөхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт гишүүний гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй. Тиймээс өмнөх шиг бонд гаргаж, Засгийн газарт үүнийг дур мэдэн зарцуулах эрх өгөхийн оронд төсөл бүрийн санхүүжүүлэх, хэрэгжүүлэх хугацаа тодорхой болсны дараа УИХ-аар батлуулах нь зөв гэж Бүлгийн гишүүд үзсэн байна. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Р.Бурмаа сайд УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргасан гэсэн. Энэ асуудлыг Бүлгээр хэлэлцсэн үү?
-Энэ бол хувь хүний, хоёрдугаарт намын шийдэх асуудал.
-2015 оны төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр бууруулах нь. Хүүхдийн мөнг өнөөс өөр ямар зардал танах вэ?
-Хүүхдийн мөнгийг нийт өрхийн 80 гаруй хувь нь авдаг. ХАХНХЯ-наас судалгаа хийж, хүүхдийн мөнгө авдаггүй хэсэгт олгох мөнгийг танах талаар ярьсан. Хориод үзүүлэлтээр судалгаа явуулахад 65 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдахаар гарсан байна лээ.
-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өргөдлөө өгсөн. Оронд нь хэнийг томилох вэ?
-Намын дүрмээр ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгддөг. Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, даргын санал болгосноор ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог. З.Энхболд дарга шийдэх байх. Намын ҮЗХ хуваарийн дагуу ирэх гуравдугаар сард хуралдах ёстой. Тус хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно.
С.УУЛ