Нийслэл дэх цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг өчигдрөөс бүртгэж эхэллээ. Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх уг ажилд хэрхэн бэлтгэснээ Цэргийн штабын цэргийн бүртгэл зохион байгуулах Ажлын хэсгийнхэн танилцуулав. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн бүртгэлийн онцлог юу вэ?
-2008 онд Цэргийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай болсон. Нэгдүгээр сарын 2-нд дүүрэг, хорооны мэргэжилтнүүд амрахгүй ажиллаж, цэргийн бүртгэлийн мэдээллийн санг шинэчилсэн. Зэвсэгт хүчний жанжин штабаас Цэргийн тоо бүртгэл явуулах журамд өөрчлөлт оруулсан. Үүний дагуу бүртгэлийг зохион байгуулна. 18-50 насны иргэнээс гадна бэлтгэл офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагч, байлдагч нарыг бүртгэлд хамруулна. Харьяа хороондоо иргэний болон цэргийн үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй.
-Дээр дурьдсан хугацаанаас хоцрох, бүртгүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Бүртгэлээс зайлсхийсэн иргэдийг Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 50.000 төгрөгөөр торгодог.
-Цэргийн бүртгэлд хүмүүс хэр идэвхтэй хамрагддаг вэ. Өнгөрсөн жилийн хувьд ямар байсан бэ?
-Цэргийн бүртгэлийг жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн жил бүртгүүлэх ёстой хүмүүсийн 93 хувь хамрагдсан. Үүнийг ахиулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улсын нууцад хамаардаг учраас тодорхой тоо хэлэх боломжгүй. Бүртгэлийн мэдээлэл хоёр цаг тутамд гардаг.
-Бүртгүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
-Иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ харьяа хороондоо очиж бүртгүүлнэ. Хорооны бүртгэлийн багийнхан ажлын өдөр 08.00-20.00, амралтын өдөр 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.
-Онлайнаар бүртгүүлэх санал иргэдээс их ирдэг юм байна. Ингэж бүртгэх боломжгүй юм уу?
-Хувь хүний нууцын тухай асуудал учраас онлайнаар бүртгэх боломжгүй. Иргэн өөрөө хороондоо очиж бүртгүүлнэ. Өмнө нь бүртгэлээс санаатай, санамсаргүй хоцорсон хүмүүст энэ удаа захиргааны хариуцлага тооцохгүй. Харин заасан хугацаанаас хоцорсон иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.
Ч.БОЛОРТУЯА