Монгол Улсын минь газар нутгийг харийнхан өөрсдийн өмч мэт эзэмшин, унаган иргэдийг нь оруулахгүй хашсан талбай манай орны өнцөг булан бүрт бий. Уг нь Үндсэн хуулийн зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн тов тодорхой заасан байдаг. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн энэ заалт амьдралд хэрэгжиж байна уу гэвэл олон хүн үгүй хэмээн хариулах биз. Ялангуяа харийнхан лиценз нэртэй “агаарын бизнес”-ээр худалдаж авсан газрынхаа талбайг хууль бусаар тэлснийг төр хуулийнхаа дагуу буцааж авч чадахг үй, гадаадын хэрмэл хонжоо хайгчдын идэш болгосоор байгаа нь харамсалтай. Манай хуулийн байгууллагынхан, тэр дундаа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гадаадынхны хууль бус үйлдлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар прокурор, шүүх рүү шилжүүлдэг ч шийдвэр гаргах дээрх байгууллагууд Монгол Улсынхаа эрх ашгийг уландаа гишгэж, харийнхныг давраасан шийдвэр гаргадаг нь хачирхалтай.
ДУНДГОВЬ АЙМАГ 32 ГА ГАЗРАА БУЦААЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАСАН Ч ХЭРЭГЖҮҮЛСЭНГҮЙ
Дундговь аймгийн Говь-Угтаал суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шанжин орд” гэх компанийнхан хууль бусаар үйл ажиллагаа явуулж, Усны тухай хууль зөрчин говийн гүний усыг шавхах дөхсөн. Тус компанийн захирал, БНХАУ-ын иргэн Лиу Венкэд Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан Усны тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах байгууллагаас шалгасан юм. Шалгалтын явцад “Шанжин орд” компани нь зөвшөөрөлгүйгээр 11 худаг гаргаж, ус ашиглан үйлдвэрийнхээ барилга байгууламжийг барьсан нь тогтоогдсон аж. Шинжээчдийн дүгнэлтээр зөвхөн барилга байгууламж барихад хууль бусаар ус ашигласны улмаас экологид 27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байна. Дээрх худгуудаас ердөө нэгд нь л Усны тухай хуулийн дагуу орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл олгосон, бусад нь огт зөвшөөрөлгүй, ашиглах ёстой цооногоосоо хоногт 50 тн ус татах ёстой байж. Гэтэл шалгалтын явцад 11 цооногоос ус авч байсан гэсэн дүгнэлт гарсан аж.
Амны усаар гачигдаж байдаг говь нутагт хөрсний усыг нь хүчин чадал өндөртэй шахуургаар их хэмжээгээр татаж байгаа нь малчдын хэрэглэдэг худаг татрахад хүргэсэн байна. Түүнээс гадна ашигт малтмал хайх, ашиглах зөвш өөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хууль зөрчжээ. Энэ хуульд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихийг хүсэхдээ орон нутгийн иргэд, ИТХ-ын саналыг авах заалт бий. Гэтэл хаа байсан 600 км-ийн алсад амьдардаг, хулгайн хэргээр ял шийтгүүлсэн гурван хүний гарын үсэг, регистрийн дугаар ашиглан “Хөрсний доройтолд нэрвэгдэж, ус ундгүй болж, цөлжилт үүсэж байгаа учраас Хараат уулын бүсэд ашигт малтмал хайж олборлохыг зөвшөөрч байна” гээд гарын үсэг зуруулсан байсан юм. Энэ мэт зөрчил тогтоогдсон ч прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн. Харин мөрдөн байцаах байгууллагынхан шалгалтын явцдаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шанжин орд” компанийнхан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хараат уул гэдэг газар 32 га газар хууль бусаар эзэмшиж буйг тогтоон орон нутгийн мэдэлд буцаан авах тухай мэдэгдлийг аймаг, сумын удирдлагад хүр гүүлсэн аж. Үүний дагуу тус аймгийн Засаг дарга асан С.Сүхбаатар 2013 оны аравдугаар сарын 24-нд А/343 тоот захирамж гаргаж, тус компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын болон Цагдаагийн хэлтэс, Говь-Угтаал сумын Засаг даргад үүрэгджээ. Энэ тушаалын хэрэгжилт биелсэн эсэхийг Дундговь аймгийн одоогийн Засаг дарга С.ОдЭрдэнээс лавлахад “Би энэ талаар сайн мэдэхг үй байна. Холбогдох албаны хүмүүсээсээ тодруулаад маргааш хариу өгье” гэлээ.
Говь-Угтаал сумын Засаг даргын суудал эзгүй, сумынхан нам, намаараа талцан нэлээд хугацаа өнгөрч буй аж. Тиймээс ЗДТГ-ын дарга Г.Эрдэнэцэцэгтэй холбогдоход “Газар эзэмших гэрчилгээг анхнаасаа хууль бусаар авсан. Тиймээс “Шанжин орд” компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нэртэй байгаа боловч ачир дээрээ тус компанийнхан үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэнд одоо манай сумын харьяат гурван хүн галч, цэвэрлэгчийн ажил хийж байгаа. Мөн Хятадын нэлээд олон иргэн ажиллаж байгаа мэдээлэл бидэнд ирсээр байна. Уг нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан гээд зогсоосон шүү дээ” гэсэн юм.
“ТУУЛ РИВЕР КОНТРИСАЙД”-ЫНХНААС ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗРАА ХЭЗЭЭ БУЦААЖ АВАХ ВЭ
Гольфийн талбай байгуулах нэрээр нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг сэндийчсэн БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Туул ривер контрисайд” гэж Монголын хуулиас дээгүүр “жаалдаг” нэг компани бий. Тус компани 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очирын зөвшөөрөлтэйгөөр Гачууртын Хадуурын тохойд гольфийн талбай байгуулахаар 14 га газрын хөрс шороог ухаж сэндийчээд хөөгдсөн. Тухайн үеийн БОАЖЯ-наас томилогдсон Ажлын хэсгийнхэн тус компанийг байгаль орчинд 750 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэлт гаргасан байдаг. Ийнхүү хөөгдсөн тус компанийнхан тун удалгүй Хан-Уул дүүргийн нутаг, Сонгинохайрхан уулын өвөрт, Сонгинын амралтын орчимд газар эзэмших болсон билээ. Тус компанийнхан дэлхийн баячуудаар Монголд хөрөнгө оруулна хэмээн Сонгинохайрханы өвөрт үйл ажиллагаагаа эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч гольфийн энэ талбайд дэлхийн баячууд цуглан “ногооноор” бороо оруулан, улсын төсөвт онцгой татвар төлсөн талаар өнөөдрийг хүртэл лав сонсож, дуулсангүй. Ийм байтлаа Монголын хууль тогтоомжийг уландаа гишгэж, үл ойшоох явдал байнга гаргадаг. Шүүхээс дуудахад ирэхгүй байна гэх асуудал дуулдаж л байв.
Эзэмших ёстой газрынхаа хэмжээг хууль бусаар тэлсэн асуудал ч сөхөгдсөн. Гэвч тус компанийн солонгос, монгол талын захирлууд Монголын хууль, шүүхийн байгууллагыг худалдаж авна чинээ санадаг юм уу, үл ойшоосоор, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн төрийн байгууллагынхны албан тоотыг ч хайхралгүй өнөөг хүрч байна. Уг нь тус компанид Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаярын шийдвэрээр 60 га газар олгосон гэдэг. Харин Байгаль орчны төл өөх хуульчдын холбооноос 2012 оны аравдугаар сард тус компанийн эзэмшил газарт хэмжилт хийхэд эзэмшил газраа 59 га-гаар тэлж, эдүгээ нийт 119 га газарт эзэн суусныг тогтоосон байна. Өнгөрсөн зун ЗБГХТГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрд өх хэлтсийн ажилтнууд тус компанийн үйл ажиллагаа, эзэмшиж буй газрын байршил, координатыг нарийвчлан шалгажээ. Шалгалтын явцад Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмших ёстой 60 га газрынхаа хэмжээг хэтрүүлэн 18 га газар хууль бусаар эзэмшиж, нийт 78 га газрыг хашсан байжээ. Үүнийг мөрдөн байцаагчид тогтоож, 18 га газраа буцааж төрийн мэдэлд авах мэдэгдлийг Нийслэлийн өмч, газрын харилцааны газар болон Мэргэжлийн хяналтын байгууллага, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынханд илгээсэн талаар бид өнгөрсөн оны наймдугаар сарын 28-ны дугаартаа мэдээлж байсан билээ. Хууль бусаар эзэмшиж буй 18 га газраа буцаан авах албан мэдэгдлийг илгээгээд нэлээд хугацаа өнгөрсөн ч төр газраа буцааж авч чадаагүй байна. Энэ мэдэгдэл хэрэгжсэн эсэхийг Хан-Уул дүүргийн Газрын албаныхнаас лавлахад “Манайд хамаагүй асуудал.
Нийслэлийн өмч, газрын харилцааны албаныхнаас лавлавал тэд хариу өгөх байх” гэсэн юм. ЗБГХТГ-ынхнаас албан мэдэгдлийн хариу ирсэн эсэхийг лавлахад ямар нэгэн хариу НӨГХГ-аас бидэнд ирүүлээгүй гэв. Тус газрынхнаас лавлахаар өчигдөр очиход “Хариуцсан албан тушаалтан нь эмнэлэгт хэвтсэн учраас тодорхой хариулт өгөх хүнг үй байна” гэсэн юм. Өөр нэгэн эх сурвалжаас лавлахад “Мөрд өн байцаах байгууллагаас “Туул ривер контрисайд” компанийн хэтрүүлэн эзэмшиж буй 18 га газрыг буцаан авах тухай мэдэгдэл ирсэн. Гэхдээ хараахан буцааж аваагүй. Нийслэлийн мэдэлд уг газрыг буцаан авч, хууль журмын дагуу дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүлэх байх. Манай НӨГХГ-аас 18 га газрыг буцаан авах ажил хийж байгаа” гэсэн юм. Энэ хоёрхон баримтаас Монголын төр харийн хөрөнгө оруулалттай компаниудын хууль бус үйлдлийн өмнө хүчин мөхөс байгааг харж болох нь. Ийм олон жишээ баримт орон нутагт бий гэхэд хилсдэхгүй байх.
Г.РАВЖАА