2014 оны аравдугаар сарын дунд үеэс томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд нэмэгдэж, арванхоёрдугаар сарын дунд үеэс томуугийн А хэв шинжийн вирусийн халдвар эрчимтэй тархаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст томуугийн аль ч вирусээр үүсгэгдсэн ханиад томуу тусвал өвчин амархан үгдэрч, хүндэрдэг. Улсын хэмжээнд одоогийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн 9-10 хувь нь ханиад томуутай гэж оношлогджээ. Ханиад томуу ихсэж байгаагаас түргэн тусламжийн дуудлагө өгөх хүн олширч, амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөн нэмэгдэн, ор хүрэлцэхгүй болоод байна. Иймд:
- Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх;
- Амны хаалт хэрэглэх;
- Гарын ариун цэврийг сайтар сахих;
- Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
- Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэн уулгах;
- Хамрын хөндийг өдөрт хоёроос олон удаа цэвэрлэх, угаах;
- Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар байнга оруулах;
- Ханиад томуугийн шинж тэмдэг илэрвэл өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах
- Бага насны хүүхдийн өвчин амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулалгүй, цаг алдалгүй эмчид хандахыг Томуугийн үндэсний төвөөс зөвлөж байна.